
Театрын бусдаас ялгардаг гол онцлог бол “амьд” хэмээх эл үгэнд оршино. Амьдралын урсгал дундаас барьж авсан онцгой агшныг мөнхлөн үлдээдэг чанараараа уран зураг, уран зохиол, хөгжим гээд урлаг өөрөө эл үгээс хамаарч агуулга, цар хүрээгээ тэлдэг болов уу.
Түүнээс гадна орчин гэж зүйл бий. Театрын орчинд жүжиг үзэж, дүрүүд тайзнаа гарахаас өмнө үзэгчид суудалд тухлах үеэсээ тухайн жүжигт оролцож, дүрүүдтэй нь хамт оршиж, амьдарч эхэлдэг гэж сэтгэнэм.
Бороо орж байна. Хөнжилдөө гүн шигдсэн Зилов даарсан, шартсаны алин болох нь бүү мэд, ихэд чичрэх аж. Цаг агаарын мэдээнээс үзвэл бороо дахин 40 хоног үргэлжлэх гэнэ. Хөөрхий, Зилов өчигдөр хэрхэн аягласнаа мэдэхгүй ч, ямар нэгэн бурууг үйлдсэний шаналан дотрыг нь мэрнэ. Тэр одоо залгах ёстой, тэгээд дараа нь анд гарна. Бүтэн жил хүлээсэн нугасны ан... Гэвч орных нь толгойд түүнд зориулсан булшны цэцэг байх бөгөөд дотны найзууд нь дурсгажээ.
XX зууны Оросын орчин үеийн жүжгийн нэгэн содон төлөөлөгч Александар Вампиловын “Нугасны ан” бүтээлээс сэдэвлэсэн Про театрын уран бүтээлчдийн “Сүүлчийн бороо” жүжгийн эхлэл энэ. Тус бүтээл бол хувь хүний дотоод хоосрол, нийгмийн орон зайд өөрийгөө зохистой байр суурьт хүргэн тодорхойлох боломжгүйд хүрсэн нэгэн эрхмийн сэтгэл зүйн уналтыг илэрхийлсэн экзистенцалист драмын бүтээл. Тухайн үед нийгмийн хяналт, ёс суртахууны үзэлд нийцээгүйн улмаас эл бүтээлийг гашуун тавилан тоссон юм. Александр Вампилов уг бүтээлээ гучин насандаа бичихдээ цаг үеийнхээ нийгмийн давхаргын шат бүхэнд туулж буй ялзрал, ноёд түшмэдийн ашигч занг урт хадаасаар цоо хатгажээ. Харин түүнийгээ Зилов болоод тогтсон бүтэц, нийгмийн бий болгосон системд дөрлүүлсэн бусад дүрүүдийнхээрээ үйл хөдлөл, дотоод илэрхийлэл, зан араншингийн доголдлуудаар илчлэхдээ ямар ч оршихуйг зохиолын өгүүлэмжээс хөөж гаргаагүйгээрээ онцлогтой.

Зилов олон талаасаа жигшмээр дүр. Гэвч оршихуйн уналтыг хүний сэтгэл зүйн дотоод ахуйд төвлөрүүлэн зангидаж, сонголтынх нь ямар эсрэг чиглэлд хөдөлж буй бусдыг илчлэн гаргахад чухам ийм л хүн зохиолчид хэрэгтэй. Найруулагч Б.Анхбаатар үүнийг олж харжээ. Тиймээс л “Сүүлчийн бороо” жүжиг үйл явдлын хурдтай өрнөлөөс гадна, гол оршихуйн амьдралын зураглалыг жүжгийн эхлэлээс төгсгөл хүртэл бусад дүрээс салангид, дурсамжуудаа эргэн санах байдлаар зохиомжлоход хүргэсэн хэрэг. Тэнд Зилов өөртэйгөө л харилцана. Харин бусадтай утсаар ярилцах бөгөөд гадаа үргэлжлэн орох борооны шаагих чимээ сонстоно. Бороо бол саад. Учир нь Зиловт буудах ёстой нугас олон бий. Тэр анд гарч, нугас буудах туйлын хүсэл нь нэг ёсондоо өөрийгөө бүхнээс чөлөөлөх оролдлого. Гэвч тэрээр хүсэх тусам мөнөөх хуурмаг, заль мэх, зугаацлаар дүүрэн амьдралын цүнхээлд гүн гүнзгий живсээр л байдаг. Тийнхүү живэх тусам агнах ёстой нугаснууд нуураар дүүрнэ. Тэрхүү нугаснууд болж Зиловын гаргасан алдаанууд.
Тэр аав, ээжтэйгээ гурван жил уулзаагүй. Аавынх нь бие муудсан захиаг авсан ч төдийлөн санаа зовдоггүй. Эхнэрээсээ гадна нууц амрагтай, мөн дахин нэг охинд дурлаж, түүнтэйгээ романс үүсгэнэ. Үүнээс гадна ажлынхаа чухал үйл хэргийг буруугаар үйлдэж, дараа нь засаж залруулчихна хэмээн хялбараар сэтгэж хамтран зүтгэгчээ шалж гардаг. Бүх зүйл түүний хүслээр болох тусам алдаа улам олширно. Жүжигт гарах нугасны дүр Зиловын алдаатай сонголт хийх болоод түүнийгээ мэдэж, мэдэрч, дотроо давчдан хашхирах тэдгээр мөчүүдэд тайзнаа гарч ирдэг. Түүн дээр ямагт ногоон гэрэл тусна. Үхлийн өмнөх зурвас гэгээ мэт...
Энэ бүхнээс үзэхэд жүжгийн өгүүлэмж болоод түүнтэй ямар мөчид аль дүрүүд хэрхэн харгалдаж, нөгөө талаас гол дүрийг бүтээхэд ямар туслах дүрүүд чухал үүрэгтэй болохыг найруулагч илтэд гаргуун үзүүлсэн нь шууд мэдрэгдэнэ. Дээр нь хөгжим. Жүжгийн хөгжим амьд, хөгжимчид нь тайзан дээр байх бөгөөд заримдаа жүжгийн хэсэгт оролцоно. Учир нь нэг хүний оршихуйн уналтыг зөвхөн түүний туулсан хэдхэн хоногийн амьдралаар зураглан гаргахад хэсэг бусаг тэсрэлттэй боловч, цаанаа л нэг тайвнаар урсах тийм л бодит аялгуу хэрэгтэй байсан нь мэдээж. Тэрхүү хөгжим өөрөө жүжгийн эхлэл, өрнөл, туйл, төгсгөл шиг бие даасан бүтэцтэй.

Хамгийн чухал нэг санаа бий. Учир нь найруулагч дүрүүдийнхээ сайн, мууг шүүн дэнсэлсэнгүй. Тэднийг ямар мөн чанартай, түүнийгээ хэрхэн илэрхийлж байгааг нууцгүйгээр дэлгээд л орхичихож байгаа юм. Харин тэдгээрийн зөв, бурууг дэнслэх боломж үзэгчдэд оногдоно. Хэдийгээр Зилов эхнэрээ араар нь тавьж, ажил хэргээ зүй бусаар явуулж, зөвхөн өөртөө л анхаардаг нэгэн боловч нийгмийн ёс бусыг жигшдэг, өөрийг нь шимэгчилдэг хүрээлэгчдээс ангижрах, эрх чөлөөг олох хүсэлтэй. Тэрхүү эрх чөлөөнд хүрэхэд ямар золиос бийг харин ухамсарласангүй. Тэрхүү золиослох ёстой зүйлс Зиловын дотор байна. Тиймээс ч найруулагч Зиловын оршихуйг тусдаа тоглолт болгон хувиргаж, үйл явдлыг толгойд нь эргэн санах байдлаар зураглахдаа дотор нь тэлэн томорч буй асуудлууд юунаас үүдэлтэйг илэрхийлэх гойд уран санааг боловсруулсан нь энэ. Тэрхүү асуудлыг намжаахгүй л бол эцэст нь буудах ёстой нугас Зилов өөрөө болж таарна.
Гэхдээ үнэхээр хялбар гэж үү? Сөрөн зогсох хүч хүнд ямагт байдаг ч түүнд хүрэхэд амаргүй. Түүнд хайрлуулахыг хүссэн, түүнээс халамж нэхсэн хүн болгон нугасны дүрд хувирч, сэтгэлийнх нь орь ганцаардлын хүчтэй хашхирааныг илтгэх нүсэр хөгжмийн чимээнээр хөл, гараа савчсан хурдтай хэмнэл бүхий бүжиг хийж, эцэст нь тамирдан цөхрөхдөө ямар нэгэн харанхуй руу унаж байна. Тэд бүгд нугас болон хувирчээ. Харин Зиловыг нялх амрагтай болохыг харсан эхнэр нь олон жил тэссэний эцэст хөсөр хаяхаар шийджээ. Энэ үеэс л гол дүр өөрийнхөө үйлдлүүдэд цэг тавих ёстойг ойлгоно.
Тайзны турш гэр, ажил, уушны газар зэргийг илтгэх өнгө, өнгийн хаалганууд бий. Эдгээр нь зөвхөн үйл явдал өрнөх орчинг бий болгоод зогсохгүй хаалга бүрийн ард Зиловын ямар алдаанууд байгааг үзэгчдэд жүжгийн туйл хүрэх мөчид давхар сануулж байдаг. Үүнээс гадна жүжигт хүний дотоод шаналал, сэтгэлийн өвдөлт, гэм буруу, эл бүгдээс уучлал гуйх мэдрэмжийг хүртэл дуу хоолойтой, өөрийн гэсэн хөдөлгөөнтэй болгон үзүүлжээ. Энэ нь галзуу гэмээр бүжгийн хөдөлгөөнүүд, тасралтгүй үргэлжлэх борооны чимээ, бүүдгэр завсрын гэрлүүд, нүргээнт хөгжмийн аялгуугаар илэрнэ. Тэдгээрийг хураан нэгтгэсэн хаалга бүрийн цаана Зиловын шийдэх ёстой, өөрийгөө тэднээс чөлөөлөх ёстой бие сэтгэлийг зүдрээх мөнөөх асуудлууд байгаа. Уг асуудлуудыг үгүй болгож байж эцэст нь Зилов чөлөөлөгдөхөөс гадна уучлал хүртэж чадах бус уу.

Борхес их утга зохиолын тухайд “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн талаар ярихдаа үлгэрийн ёс зүй нь адгуусан амьтдыг хүншүүлж эмгэнэлтэй болоод инээдэмтэй нөхцөлд оруулсны дотроос хоорондоо ярилцахад л гол үйл явдал оршиж байдаг хэмээн өгүүлжээ. Ерөөс аливаа урлагийн бүтээлүүд нэг бол эмнгэнэлтэй эсвээс “Гаргантюа ба Пантагрюэль” маягийн наргианаас бүтдэг байсан олон сонгодог жишээ бий. Тэдний дээд зорилгод тэмүүлэх санаанд ургуулсан бэлгэдэл дүрүүд ч мөн амьдралын хийсвэрлэлээс эрс өөр байлаа. “Сүүлчийн бороо” жүжгийн Зилов бол яг тийм хүслээс үүдсэн дүр.
Учир нь жүжгийн эхлэх хэсэг, харилцан ярианууд бүхэлдээ уран шогоос бүтдэг. Тэдгээр нь үйл хөдлөлтэйгөө яв цав нийцэхээс гадна, олноороо хундага өргөх агшнууд, найзынхаа хойноос гашуудах боловч, дотоодод нь огт өөр санаа буйг тааварлах явцад хүртэл егөө арилсангүй. Түүнийг жүжигт хадгалж авч үлдсэн хийгээд дүрүүд яг л бүтээлийн гол санааг зоосны хоёр талд гарч харуулах мэт хоёрдмол зан чанараа үзэгчдэд ямар нэгэн халхавчгүйгээр илчлэн харуулж байгаа нь тун оновчтой.
Хэн нэгний дотоод шаналанг бусдад тулгах, Зиловыг цөхрөн туйлдуулах, өнгө, дуу, хэлбэр, агуулгаас ч цаана орших далдын хэлхээсийн тухай ч найруулагч ямар нэг хөнгөн алхам хийгээгүй нь тун гоёмсог шийдэл юм шүү.
Тэгээд ч урлаг зөвхөн түүнд хүрэлцээтэй түвшин, ойлгогддог хүрээгээр л хязгаарлагддаг зүйл биш. Хэн ч хүртэж, таашааж болох зүйл. Гэтэл хэн нэгэнд хүчээр тулгалгүй, мэдрэх эрхийг нь чөлөөтэй тавьж өгснөөрөө л “Сүүлчийн бороо” бусад жүжгээс эрс ялгарна. Гол нь урлагийг тодорхой хүрээн дэх нөхцөлд оруулан таашаадаг далдын ямар нэгэн зөн совинлог төсөөлөл, эсвээс зэрэгцээ ертөнцийн хуулбар байх ёстой гэж санадаг хэм хэмжүүрийг л өөрийн бодлоос арчих хэрэгтэй болов уу.

Жүжиг төгсгөл рүүгээ ойртох мөчид үргэлжилсэн дурсамжууд арилж тайзан дээрх үйл явдал эхэлсэн цэг дээрээсээ үргэлжилнэ. Зилов нэгэнтээ өндөг залгичихсан байдаг. Угтаа тэр өндгийг залгихаасаа өмнө хагалах ёстой байжээ гэх бодол төрнө. Ингээд л эцэст нь түүний буудах ёстой нугас мөнөөх алдаанууд бус тэдгээрийг бий болгосон “БИ” хүн нь болохыг ойлгоно. Гэвч үнэхээр тэр өөрөө ийн зориглож гартаа буу атгасан уу, амиа хорлох оролдлогод хүргэсэн хүчин зүйлс өөр шалтгаанаас үүдсэн үү гэх асуулт гарна. Угтаа тэдгээрийг нэгэнт илчилсэн байлаа ч дахин эл асуулттай тулгарсаар л байна.
Хамгийн эцсийн мөчид бороо хэсэгхэн зуур түр намжихад Зилов уналтаасаа ахин босох хүчийг олдог. Тэр одоо л нугасны анд явахаар болж найзыгаа өөрийг нь авч явахыг гуйгаад гарах гэтэл дахин бороо шаагина. Гох дарахаас өөр сонголт үлдсэнгүй. Учир нь хувь хүний доройтон унах тэрхүү туйлын эмгэнэлт нөхцөл бүрнээ бий болчихсон шүү дээ. Одоо бол аль ч талаас нь аваад үзсэн өөр сонголт үгүй. Учир нь анд гарах нь түүний балчиг намгаас сугарч гарах гэсэн оролдлого боловч бодит байдлаас зугтсанаараа өөрийгөө хуурах болно. Тиймээс тэр мухардалд орчихсон гэсэн үг.
Хамгийн гол нь бүхий муу зан авир, үйл хөдлөлөө ухаарч, шинэ гэгээрэл рүү тэмүүлэх хүсэл түүнд байна. Энэ л уг жүжгийн хамгийн гол санаа. Тийм тэмүүлэл, найдваргүй бол оршихуй бүхэлдээ Зиловын орны дээр асаатай гэрэл аажимхан бүүдийсээр эцэст нь түүнийг тас харанхуй залгин авдаг шиг нэг мөсөн сүйрнэ. А.Вампилов ч мөн өөрөө тийм цүнхээл рүү 35 насандаа үсэрч амиа хорложээ. Түүнийг бүтээлүүдийг амь ахуйд нь үнэлж байгаагүй ч хожмоо сонгодог театруудад жүжгийг нь тоглож байсан үгүйгээр л үнэлэмж тогтоодог байсан гэдэг.

Жүжиг бүхэлдээ нэг л хавтгайд өрнөх ч дүрийн хоёр туйлт сэтгэл зүйг тун бодитой, дэлгэмэл ном шиг бүрэн гүйцэд илчлэн харуулж чадав. Зилов байнга л ан хийх, нугас буудах тухай боддог. Гэвч эцэстээ суманд оногдох золгүй нугас тэр өөрөө байв. Энэ удаад буудах ёстой тэр нугасыг “БИ” гэж нэрлэвэл зохино.