
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Рио Тинто, “Эрдэнэс Оюу Толгой”, “Оюу толгой” компаниуд байгаль орчныг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх санаачилгуудаа танилцууллаа.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Хүлэмжийн хийг бага, цахилгаан эрчим хүчээ эрүүл, ногоон байлгах тал дээр уул уурхайн компаниуд зайлшгүй манлайлал үзүүлэх шаардлагатай. “Оюу толгой” тэргүүлэх компаниудын нэгийн хувьд цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүчнийхээ худалдан авалтыг нэмэх тал дээр зайлшгүй анхаарна. Хоёрдугаарт усны асуудал чухал. Тухайлбал, аадар борооны усыг хэрхэн хөрсөнд нь шингээж, гүний усны нөөцийг буцааж яаж сэргээх вэ гэхчлэн олон цогц асуудал бий. Үүн дээр улсын эрдэм шинжилгээний ажилчид олон жил судалгаа хийсэн байдаг. Мэргэн санаа олон байдаг. Эдгээрийг цэгцэлж, усны аюулгүй байдал дээр бид онцгой анхаарч ажиллана. Гуравдугаарт нь газар. Өмнөговь аймагт бид 5000 га газар загийн ой бий болгох амлалт өгөөд, ажил эхэлчихсэн явж байгаа. “Тэрбум мод” төсөл үргэлжилнэ. Хангайн бүсэд хэмжээний алтны шороон ордны үлдээсэн 10 мянган га газрын сэргээхээр төлөвлөн ажиллаж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч, олборлогч, боловсруулагчид нь дэлхийн цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэх амлалтаа өгч байгаараа онцлог. СОР 17 уулзалт нь итгэлийг сэргээе, газрын сэргээе уриан дор зохион байгуулагдаж байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн гол тулгуур, хүч нь уул уурхайн салбар. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд том хэмжээний амлалт өгч, хэрэгжүүлэх үндсэн зорилготой.
Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт: Рио Тинто компаниас Оюутолгой төслийн эрчим хүчний хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх төслөө танилцууллаа. Усны зарцуулалт нь дэлхийн дунджаас гурав дахин бага байх, усаа дахин ашиглах технологиудыг ярьж байна. СОР 17 уулзалт нь зөвхөн 10 гаруй хоногийн хурал биш. Хамтран ажиллах үйл явц эхэлж байна. Нөгөөтэйгүүр, НҮБ-ийн 190 гаруй улс оролцож байгаа хурлын Монгол Улс зохион байгуулж байга нь маш том ач холбогдолтой.
Хурлын үеэр Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахад дэмжлэг үзүүлэн, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа онцолжээ.