Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн энэ долоо хоногт болно.

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болох тэмцээнд 29 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч өнгөрөгч долоо хоногт манай улсад ирсэн. Одоогоор Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, ОХУ-ын баг тамирчид Улаанбаатарт бэлтгэлдээ оржээ. Энэ удаагийн тэмцээнд оролцох ОХУ-ын баг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдана.

Мөн “Улаанбаатар их дуулга” тэмцээнд Н.Анужин ахлагчтай сайн дурын 56 ажилтан ажиллахаар болжээ. Энэ удаагийн сайн дурын багт орсон оюутнууд тамирчдыг угтах, газарчлах, орчуулга хийх болон тэмцээний зохион байгуулалтад оролцоно. 

Монголын жүдо бөхийн холбоо энэхүү тэмцээнийг хамгийн анх 2009 онд “Чингис хаан дэлхийн цом” нэртэйгээр эх орондоо хүлээн авч байсан түүхтэй. Дөрвөн жилийн хугацаанд дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан манай улс зэрэглэлээ ахиулж, 2013-2016 онд Улаанбаатарын гранприг анх удаа зохион байгуулсан юм. Тэгвэл 2022 оноос Улаанбаатарын “Их дуулга” болгон өргөжүүлж, 11 дэх удаагаа Олон улсын жүдо бөхийн холбооны цувралыг эх орондоо хүлээн авч байна.