
Дэлхийн технологийн компаниудын хувьцааны ханш тогтворгүй болж буйтай зэрэгцэн Хятадад хиймэл оюун ухааны салбарын хувьцаанууд огцом унаж эхэлжээ. Хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэд эргэлзэх хандлага нэмэгдэж, Хятадын технологийн экспортод тавих хязгаарлалтын эрсдэл өссөнөөр өмнө нь хэт өндөр үнэлэгдэж байсан компаниудын зах зээлийн үнэлгээ эрчимтэй буурч байна.
Хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын тэргүүлэгч компаниудыг багтаадаг Хятадын эх газрын STAR50 индекс дөрвөн сар хүрэхгүй хугацаанд 40 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс ойролцоогоор 480 тэрбум ам.доллар арчигджээ. Энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлд анхааруулах дохио болж байгаагаас гадна хиймэл оюуны салбарын өсөлтийг санхүүжүүлэх зорилгоор иргэдийн хадгаламжийг хувьцааны зах зээлд татах Хятадын бодлогод сөргөөр нөлөөлөв.
Түүнчлэн эдийн засгийг дэмжих арга хэмжээ авна гэсэн эрх баригчдын амлалтын дараа эхэлсэн, хоёр жил үргэлжилсэн хувьцааны ханшийн өсөлт зогсжээ. Ингэснээр огцом өсөлт, уналт ээлжилдэг уламжлалт мөчлөгөөс татгалзаж, тогтвортой өгөөжтэй, аажим өсдөг хөрөнгийн зах зээлийг бий болгох Бээжингийн зорилт саатсан байна.
Хятадын томоохон компаниудын хувьцааг багтаадаг CSI300 индекс зургаадугаар сард хүрсэн дээд түвшнээсээ ойролцоогоор 20 хувиар буурчээ. Бээжинд төвтэй хөрөнгө оруулалтын сангийн менежер Дун Баожэнь “Хөрөнгийн зах зээл аажмаар хэт их таамаглалд тулгуурласан, галзуурсан өсөлтийн зах зээл болж хувирсан. Харин одоо бид тэр хөөс хагарч байгааг харж байна” гэж мэдэгджээ.
Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт нь тус улсын хувьцааны ханшийн өсөлт өмнө нь АНУ болон Азийн бусад зах зээлээс хавьгүй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой. Харьцуулбал, АНУ-ын хиймэл оюуны компаниудын хувьцааны ханшийн бууралт харьцангуй бага байгаа бөгөөд Nasdaq индекс гурван долоо хоногийн өмнөх түүхэн дээд түвшнээсээ зургаан хувиар буурчээ.
Хятадын зах зээлд хувьцаагаа олноор нь худалдах хөдөлгөөн эхлэхэд нөлөөлсөн гэх тодорхой шалтгаан хараахан тогтоогдоогүй байна. Гэхдээ арилжаачдын үзэж буйгаар хувьцааны хэт өндөр үнэлгээ, татварын төлбөрийн дарамт, АНУ болон бусад улс Хятадын тоног төхөөрөмжийг дата төвүүддээ ашиглахыг хориглож болзошгүй эрсдэл зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Goldman Sachs-ийн мэдээлснээр, хиймэл оюуны салбарын хувьцаанууд Хятадын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 42 хувь, эх газрын А ангиллын хувьцаа болон Хонконгийн H ангиллын хувьцааны нийт арилжааны эргэлтийн 57 хувийг бүрдүүлж байжээ. Иймээс жижиг хөрөнгө оруулагчид давамгайлдаг тус улсын зах зээлд алдагдал хүлээгээгүй хүн цөөн байна.