Амьдралыг хялбарчилсан ухаалаг худаг
Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн тогтолцоо олон жил “ажиллах цаг-хүний нөөц-гар ажиллагаа” гэсэн хязгаарлагдмал байдлаар ажиллаж ирсэн. Харин Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн “Усны компакт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслөөр 180 ус түгээх байрыг автоматжуулж, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т хүлээлгэн өгсөн нь энэ тогтолцоог институцийн болон технологийн түвшинд шинэчилсэн алхам болов. Чингэлтэй дүүргийн 19-р хорооны жишээ нь энэхүү өөрчлөлтийг микро түвшинд харуулна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ус түгээх 80 дугаар байр. Зам дагуу байрлах энэ худаг гаднаас нь харахад энгийн, ялгарах зүйлгүй мэт. Харин ойртвол баруун талд нь ус тээврийн машинуудад зориулагдсан ус түгээх ухаалаг төхөөрөмжийн хэсэг, урд талдаа иргэдэд зориулсан ус түгээх ухаалаг төхөөрөмж бүхий хоолойтой, харин дотор нь УТУТ-ыг ажиллуулах удирдлагын самбар, автомат төхөөрөмжүүд, аюулгүй ажиллагааны дохиолол, хяналтын камер гэхчлэн иж бүрэн систем ажиллах аж. Энэ ус түгээх байр буюу бидний нэрлэж заншснаар усны худаг нэгдсэн сүлжээний шугамын эцсийн цэг, ачилтын машинд ус өгдөг онцгой объект аж. Тус худаг иргэд болон ус тээврийн машинуудад ус өгдөг хосломол ажиллагаатай цөөн худгийн нэг. Эндээс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон зуслангийн бүсэд гарсан гал, түймрийн үед ажилладаг Гал түймэр унтраах, аврах 10, 70 дугаар ангиудын усаа татах гол бааз болдог байна. Хавар, намрын улиралд зуслангийн байршилд дэгдсэн түймрийн үед нэг дор зургаан галын машин тус бүрдээ 20 тонн ус авахаар дугаарлан зогсох нь ч бий гэдгийг тус худгийн оператор А.Мөнгөнсувд онцоллоо. Өмнө нь гар ажиллагаанд тулгуурлаж ажилладаг байсан тус худагт 2018 онд анхны УТУТ (ус түгээх ухаалаг төхөөрөмж) суурилуулж, 2025 оны зун бүрэн автоматжуулжээ.

Ухаалаг худгууд нь зөвхөн технологийн шинэчлэл биш, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөтэй. Цагийн хязгаарлалтгүй, аюулгүй, ариун цэврийн шаардлагыг хангасан усны хүртээмж нь гэр хорооллын иргэдийн амьдралыг хөнгөвчилж, УСУГ-ын үйл ажиллагааг хэмнэлттэй болгох шийдэл болж буй.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн н.Гэрэлмаа: -Хүссэн цагтаа усаа авах боломжтой болсон нь ухаалаг худгийн том давуу тал. Ухаалаг худаг улам олон болж, иргэдийн амьдралыг хөнгөвчлөөсэй гэж хүсэж байна. Ялангуяа зуслангийн чиглэлд байвал хүртээмж нь илүү нэмэгдэх болов уу гэж боддог.
Ачаалал буураагүй, харин үйлчилгээ сайжирсан
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн улмаас худгийн орчим дахь айлуудын тоо цөөрсөн ч ачаалал нь буураагүй байна. Байршлын онцлог нь зуслангийн чиглэлийн зам дагуу, төвийн шугамын хамгийн захын цэгт байрладагтай холбоотой. Энэ худаг бол 180 ухаалаг худгийн ердөө нэг жишээ. Гэхдээ төлөвлөлт, технологийн уялдаа бодит өөрчлөлт авчирч болдгийг харуулах тод жишээ болж байна.
Ухаалаг худгийн авчирсан нэг давуу тал бол үйлчилгээний тасралтгүй байдлыг хүний хамаарлаас системийн хяналт руу бүрэн шилжүүлснээр иргэдийн амьдрал илүү хялбар болжээ.
Ус түгээх ухаалаг төхөөрөмж 24/7 ажиллаж хүний хамаарлаас системийн хяналт руу бүрэн шилживУхаалаг худгийн нэвтрүүлсэн технологийн суурь өөрчлөлтүүд:
- Карт унших УТУТ (ус түгээх ухаалаг төхөөрөмж)-Картын төлбөрийн төвлөрсөн бүртгэлтэй болсон. Ингэснээр алдагдлыг багасгах давхар ач холбогдолтой. Иргэдийн карт ус тээврийн машины УТУТ-д уншигдахгүй байх нь зориулалтын сегментчилэлийг ашигласан ухаалаг арга болжээ.
- Төлбөрийн дижитал шилжилт (интернэт, мобайл банк, худагт байх карт цэнэглэгч автомат нь нь санхүүгийн урсгалыг ил тод болгож, бэлэн мөнгөний эрсдэлийг бууруулсан төдийгүй иргэдэд ч хялбар, хүртээмжтэй үйлчилгээг бий болгож өгсөн.
- Автомат эргүүлэн татах (чайн) систем-ус түгээх хоолойн хөлдөлтөөс сэргийлсэн. Тодруулбал, Автомат эргүүлэн татах систем нь өвлийн хөлдөлтийн зардлыг бараг тэглэсэн. Энэ бол зөвхөн техник шинэчлэл биш, операцын эрсдлийг бууруулсан төгс шийдэл юм.

Дээр дурдсан ухаалаг шинэчлэлүүд нь ус түгээх үйлчилгээний тасралтгүй байдлын индексийг нэмэгдүүлж, операторын гар ажиллагааны хамаарлыг бууруулж чаджээ. Энэ бүхний дүнд нийгмийн үр ашиг нэмэгдэж, бидний төдийлөн үл тоодог цаг хугацааны өртөг буурчээ.
Ус зөөврийн машины жолооч Б.Баярбаатар: -Ухаалаг худаг ард иргэдэд маш тустай байгаа. Өмнө нь түгээгч нар 8-18 хүртэл ажиллаж усаа өгдөг байхад ажил, хичээл сургуулиасаа орой ирсэн хүмүүс усаа авч чаддахгүй хоцордог байсан. Харин одоо ухаалаг худгаас картаа уншуулаад авчихдаг болохоор хязгаарлалтгүй амар байдаг. Ямар ч нөхцөлд усаар тасрахгүй болгож өгсөн. Би айлууд, цайны газрууд, барилгын компаниудад гэрээтээр ус хүргэж өгдөг. Тийм болохоор 1-2 тонн ус хүргэж өгдөг ажлыг минь ухаалаг худаг үнэхээр хөнгөвчилсөн.
Ус түгээлтийн машинууд ч хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ Процесс стандартчилагдсан нь
Ус түгээгчид УСУГ-ын сургалтад хамрагдаж “ухаалаг уст цэгийн оператор” болж, шинэчлэгдсэн ажлын байранд нь шаардагдах ур чадваруудыг эзэмшсэн нь ухаалаг худгийн талаарх мэдээлэлд төдийлөн дурдагддаггүй ч онцлох ёстой зүйлсийн нэг юм.
Энэ сурвалжилгад онцлон дурдсан Чингэлтэй дүүргийн 19-р хорооны 80 дугаар худгийн жишээ нь төлөвлөлт, технологи, засаглал гурвын уялдаа бодит өөрчлөлт авчирдгийг харуулж, ухаалаг худаг нь “ус авах цэг”-ээс “найдвартай, хариуцлагатай, удирдлагатай систем” рүү шилжсэн өөрчлөлтийн бодит жишээ болж байна.