
Ираны ерөнхийлөгч АНУ-д ил захидал илгээн, Трампын засаг захиргааны улс оронтойгоо явуулж буй дайн нь “Америк нэгдүгээрт” бодлогыг хангаж байна уу гэж асуусан байна.
“Энэ дайн Америкийн ард түмний ямар ашиг сонирхолд үйлчилж байна вэ?” гэж Масуд Пезешкиан захидалдаа бичжээ. Тэрээр уг захидлыг “Америкийн Нэгдсэн Улсын ард түмэнд” хэмээн хаяглаж, X-д нийтэлжээ. Ингэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайны талаар анхны мэдэгдлээ хийхээс хэдхэн цагийн өмнө нийтэлсэн юм.
“Америк нэгдүгээрт” гэдэг нь өнөөдөр АНУ-ын засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг мөн үү?” гэж Пезешкиан асуужээ. Тэрээр Иран улс “орчин үеийн түүхэндээ хэзээ ч түрэмгийлэл, тэлэлт, колоничлол, ноёрхлын замыг сонгож байгаагүй бөгөөд дайныг эхлүүлээгүй” гээд Ираныг аюул заналхийлэл гэж үзэх ойлголт нь “хүчирхэг хүмүүсийн улс төр, эдийн засгийн сонирхлын бүтээгдэхүүн” гэжээ.
Тэрээр Техраны үйл ажиллагаа, Персийн буланд иргэний болон цэргийн дэд бүтцүүдэд цохилт өгсөн өдөр тутмын дрон, пуужингийн дайралтуудыг “хууль ёсны өөрийгөө хамгаалах үйлдэл” гэж тайлбарлав.
Захидлыг боловсруулахад Ираны бусад удирдлагууд оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Исламын Бүгд Найрамдах Улсын хамгийн дээд эрх мэдэлтэн болох дээд удирдагч Можтаба Хаменей нь АНУ болон Израил Ирантай дайтаж эхэлснээс хойш нэг сар гаруйн хугацаанд олон нийтэд харагдаагүй, иргэддээ хандан нэг ч үг хэлээгүй байна.
Пезешкиан захидалдаа АНУ-ын засгийн газар болон ард түмний хооронд ялгаа гаргаж, Иран улсыг буруу ойлгосон гэж мэдэгдсэн бөгөөд “Иранчууд бусад үндэстэн, тэр дундаа Америк, Европ эсвэл хөрш орнуудын ард түмний эсрэг дайсагнал тээдэггүй” гэжээ.
“Энэ бол түр зуурын улс төрийн байр суурь биш, харин Ираны соёл, хамтын ухамсарт гүн шингэсэн үндсэн зарчим юм” гэж тэр хэлсэн байна.
Харин уг захидлын дараахан хийсэн мэдэгдэлдээ Трамп Ираны удирдлагыг “дэлхийн хамгийн хүчирхийлэлтэй, дээрэнгүй дэглэм” гэж нэрлээд, хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болбол “тэсвэрлэшгүй аюул” болно гэж мэдэгдсэн. Мөн Ирантай хийж буй дайн “дуусах шатандаа ойртож байгаа” бөгөөд Ираны цэргийн чадавхын ихэнхийг устгасан гэжээ.
Тэгвэл Пезешкиан захидалдаа дэлхий ертөнц хөндлөн огтлолцсон чухал үе дээр ирээд байна гэж анхааруулаад “Сөргөлдөөний замаар үргэлжлүүлэх нь өмнөхөөсөө илүү өртөг өндөртэй, утгагүй зүйл болсон” гэдгийг онцолсон юм.