21 сар буюу жил есөн сар Газад үргэлжилсэн дайны галыг зогсоох асуудал энэ долоо хоногт шийдэгдэж магадгүй байна. Газад гал зогсоох асуудлыг шийдэхээр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху АНУ-ын нийслэл Вашингтоныг зорилоо. Нэтаньяху эхнэр Сарагийн хамтаар Бен Гурион нисэх буудлаас хөөрлөө.

Нэтаньяху Цагаан ордонд Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамптай өнөөдөр уулзана. Тэд Газад гал зогсоох асуудлыг шийднэ гэдгийг өнгөрсөн амралтын Трамп мэдээлсэн. Трамп Газад гал зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол ажиглагчид тийм ч өөдрөг хандахгүй байна. Гэхдээ итгэл найдвар тээсээр байгаа гэж Al Jazeera агентлагийн тоймч бичжээ.

АНУ Газад 60 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг дэвшүүлээд байгаа юм. Энэ оны нэгээс гуравдугаар сарын хооронд Газад гал зогсоож чадсан. Уг гал зогсоох хэлэлцээрийг хугацааг сунгаж чадвал Газад энх тайвныг авчрах найдлага тавьж байсан ч бүтээгүй. Харин энэ удаад дахин 60 хоногийн хугацаанд гал зогсоож чадвал үргэлжлүүлэн Газад дахин буун дуу гаргахгүй байх боломжтой гэж Трамп үзэж байна.

Нэтаньяху энэ жил гурав дахь удаагаа Трамптай уулзах гэж байна. Трампын тавьсан саналыг Нэтаньяху хүлээж авсан. Харин Палестины ХАМАС бүлэглэл гурван үндсэн шаардлага тавьж, эдгээр шаардлагыг биелүүлсэн тохиолдолд гал зогсоох саналыг хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна.  ХАМАС бүлэглэлтэй Катар, Египет улсуудаар дамжин харьцаж байгаа юм. Гал зогсоох хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэж байгаа Катар, Египет улсууд ХАМАС-ыг хэлэлцээрт нааштай хандаж байгаа тухай мэдээлжээ.

ХАМАС дараах гурван шаардлагыг тавьж байна. Юун түрүүнд Газ дахь Хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагааг зогсоохыг шаарджээ. Энэ сан нь Газ дахь палестинчуудад хоол хүнсний тусламж түгээх үүрэгтэй ч Израилийн улс төрийн захиргааны агентлаг юм. НҮБ болон өлсгөлөнд нэрвэгдсэн палестинчууд тус байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн.

Хоёрдугаарт Израилийн армийн цэргүүдийг Газ дахь байршлуудаас эргүүлэн татахыг ХАМАС хүсэж байна. Гуравдугаарт ХАМАС гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд олон улсын батлан даалтыг шаардаж байна. Учир нь энэ хавар хэрэгжүүлж байсан гал зогсоох хэлэлцээрийг Израилийн тал эхэлж зөрчсөн учраас энэ удаад уг алдааг дахин давтахгүй байх баталгаа өгөхийг хүсжээ. Уг хэлэлцээрт АНУ-ын ХАМАС-аас шаардаж байгаа гол шаардлага нь Газад барьцаанд байгаа Израилийн 10 барьцааны хүн болон 18 хүний цогцсыг эргүүлэн авчрах юм. Оронд нь Израилийн шоронд хоригдож байгаа палестинчуудыг суллах санал тавьсан байна. ХАМАС бүлэглэлийн барьцаанд нийт 50 хүн үлдсэн гэж тооцож байгаа бөгөөд тэдний 20 нь амьд, үлдсэн нь нас барсан гэж үзэж байгаа юм.

Харин Израилийн талаас Америкийн саналыг дэмжиж болох ч ХАМАС-ын тавьж байгаа шаардлагуудыг хүлээж авахаас татгалзсан байр суурийг илэрхийлж байна.