
Олон улсын оюутны холбооноос "FISU World University Mind Sports" буюу оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Ляочэн хотод зохион байгуулж байна. 22 орны 200 гаруй тамирчин, албаны төлөөлөл оролцож буй тус тэмцээний шатрын төрөлд Монголын оюутны баг амжилттай оролцлоо.
Нээлттэй ангилалд тоглосон ОУМ Х.Өлзийхишиг дэлхийн шилдэг оюутан шатарчидтай өрсөлдөж дөрвөн хожил, дөрвөн тэнцээ хийж 6.0 оноогоор зургаадугаар байр эзэллээ. Тэрээр сүүлийн 9-р өрөгт Польшийн шатарчин Радославтай тэнцээ хийжээ. Тэмцээнд БНХАУ-ын Пан Тао 7,0 оноогоор түрүүлж оюутны дэлхийн аварга боллоо.
Х.Өлзийхишиг олон улсын чансаагаа +32 дүнгээр ахиулж, хувийн чансаагаа 2381-д хүргэсэн байна. Тэмцээний хаалтын ажиллагаа өнөө орой болно.
