
Асуудлууд ар, араасаа ундарсаар л... Амин чухлаас нь шийдэж, арай л толгой дээр тасхийлгээд авахгүйг нь хойш тавина.
Хөвөрсөн утасны үзүүр хаана дуусахыг нь үл мэдэх хүний тавилан хойно, яая гэхэв. Аливаад уужуу хандаж, арга ухаан сийлж аж төрөхөөс өөр замгүй. Тэгээд ч хамтын нийгэм хэмээх том хашаанд чихэлдэж, өдгөө түүндээ багтахаа болиод өвөр түрийнээсээ хэнийг нь ч хамаагүй бусадтай нийлж өргөөд модон шургааган дээгүүр шидэх вэ гэдгээ л бодоцгоох болжээ. Сэтгэлгээ ингэж өөрчлөгдөв. Ерөөс хүний сэтгэлгээ гэдэг тун тогтворгүй эд. Гэвч угтаа бол асуудлыг олон талаас нь харж, учир шалтгааныг тунгааж, өмнө гарч байгаагүй шийдлийг эрхэлхийлэх, түүнийг олж бүтээх чадвар. Буй зүйлээ сайжруулах, үгүйг буй болгох нь оюун санааны хөдөлмөр. Сэтгэж бодохын мөн чанар нь угтаа энэ.
Атал бид эл чадвараа сүүлийн жилүүдэд юунд зориулж байгааг ажаад байх нь ээ их л өөр зураг толгойд бууна. Мэдээж үүнийг бүрэн дүүрэн зөв, хариултыг тодорхойлсон өнцөг гэж хэлэхгүй. Хамгийн гол нь бид аливааг бүтээхэд шавхдаггүй сэтгэлгээний чадавхиа цахимд гаргаж, бусдыг шүүхэд зориулдаг болов. Үнэндээ сэтгэж чадахаа больсон юм биш. Харин дийлэнх маань сэтгэлгээгээ юунд зориулж байна вэ гэдэг тухай юм л даа. Одоо тэгэхээр ойлгогдож байгаа биз ээ.
Эхлээд нэг зүйлийг тодруулъя. Хүн бүхэн өөрийн гэх хандлага, түүнийгээ илэрхийлэх арга барил, тодорхой мэдлэг, тогтсон үзэл бодолтой байдаг. Гэвч эл өгүүлбэрийн “тогтсон үзэл бодол” гэх үгс дээр түр азнаад үзээрэй. Бидний дийлэнх үнэхээр тогтсон үзэл бодолтой байна уу, түүнийгээ туршлагаар хөгжүүлж, сэтгэлгээнийхээ хүрч чадах хэмжээгээр тэлж байгаа юу. Эсвээс ердөө л цахим ертөнцөд ухаантай, боловсролоор угжуулсан хүн болж харагдахын тулд олж авсан мэдлэгээ зориулдаг уу. Мэдээж хүн бүрд сайхан сэтгэгдэл, эерэг нөлөөллийг авчирдаг биз. Гэвч цахим дахь бүхэн бодит амьдрал дээр хийж бүтээхийн чинээнд хүрнэ гэж үү.
Хамгийн гол нь дийлэнх олон хаана байна вэ гэдгийг эхлээд анзаарна. Ингээд тэр талд нь гарч зогсдог. Харин бусдаас өөрөөр сэтгэсэн нь буруутан болж үлдэнэ. Бусдыг няцаах, шүлс нялахдаа гаргуун ч асуултад хэрхэн ул суурьтай хандаж буйг аваад үзвэл өнөөгийн нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн дийлэнхэд тийм шинж үгүй. Үнэндээ бидний сэтгэлгээ гэдэг цахимд сайрхаад байгаа шиг боловсролоор ч зуун хувьд хэмжигдэх эд биш. Өндөр боловсрол эзэмшсэн, улаан диплом өвөртөлсөн, докторын зэргээ хамгаалчихсан байлаа ч аливаад буруу дүгнэлтээр ханддаг, зорьж олсон бүхнээ бурангуйд ашиглаж бусдыг золихдоо гаргууд суутнууд ч бий. Ингээд харахаар бид сэтгэх бус сэтгэж байгаа дүр эсгэх чадвараа л илүү сайн хөгжүүлж байх шиг санагдана.
Цахим орчинд идэвхтэй байх өнөөгийн нийгэмд тийм ч хортой эд биш. Асуудал дэвшүүлж, шүүмжилж, бурууд нүд хурц, зөвд үг мэргэн байж болно. Үүнийг хазаарлах нь харин нийтийн эрх ашигт халдсан үйлдэл. Гол нь энэ бүхний цаана ямар зорилго агуулж буйгаа тодорхойлж чаддаг хүмүүс хэр их бол... Учир нь нийгэмд өрнөж буй үйл явдлаас хэн ч хоцрохыг хүсэхгүй. Гэвч шуугианы нэг өөрсдөө болж, түүнийг дэврээж, өдөр тутамдаа зууралдаад суух завтай хүмүүс мөн бил үү. Нийгэм ужгирсан их асуудалтай, орооцолдоог нь тайлаагүй хөвөрсөн утас дундаа л аж төрдөг. Тиймээс зарим нь асуудлаа шийдүүлэхийн тулд, мөнөөх хэсэг нь байр сууриа илэрхийлэхийн тулд бичнэ. Пост, коммэнт, шэйр хийж түгээх зэрэг үйлдлүүдийн дунд бодох, сэтгэх, бичих үйлээ зориулна. Угтаа өөрийгөө хэсэгчлэн сийчиж буйгаа хэн ч үл ухна. Өөрийнх нь аж төрөхүй, эсвээс ирээдүйн хөгжил, улс нийтийн эрх ашигтай огт харгалдаагүй болов чиг элдэв шуугианд гар дүрж, хошуу нэмэрлэхгүй аваас санаа нь амрахгүй. Угтаа ингэж бид цахим амьдралын ээлжит дугаарынхаа нэгээхэн хуудсыг дахин бичнэ. Харин маргааш юу бичих вэ? Өөр бодол чилээх зүйлгүй.

Цахим орчинд ухаарлын пост оруулах, сургамж, зөвлөгөө айлдах нь тасрахгүй. Гэвч тэдгээр хүмүүсийн цөөнгүй нь бичсэнээсээ тэс өөр аж төрөхүйтэй, бусдад дээрэнгүй ханддаг, элдэв асуудалд орооцолдох нь бишгүй. Цахимд зориулсан сэтгэлгээнийх нь ул мөр цаад мөн чанартай эсрэг байгаа нь харагдана. Мэдээж бусдын санааг зээлж, эсвээс даган дуурайж ухаарал түгээх шиг амархан зүйл үгүй. Харин хүн өөрчлөгдөнө гэдэг тун хэцүү зүйл. Зарим сэтгэл судлалын ухаанд боломжгүй гэж үздэг.
Амьдралыг хэрхэн авч явах, хүн гэдэг бодгал хэрхэн биеэ авч явах, нийгэм аль замаар алхаж байж цэнгэлийн манлайд хүрэхийг сургамжлах зоригт Ленинчүүдийн дунд бид аж төрнө. Бүгд л аливааг тунгаасан, амьдралыг ухаарлын гэгээгээр туулж буй хүмүүс. Харин цахим ертөнцөд зориулах хүмүүсийн энэ шинж чанар, зориулж буй сэтгэлгээнд нь алдаагаа хүлээн зөвшөөрөх, муу муухайгаа илчилж түүнтэйгээ эвлэрэх, бусдаас чин сэтгэлээсээ уучлал гуйж байгаа нь ховор. Үүний харгайгаар бодит амьдрал дээрх бусармаг бүхнийг ил шулуунаар тольдон харж чадахгүйд хүрдэг. Тэр тухайд цахим дээр хэлэлцэж, бусдыгаа буруутгаад л мартчихна.
Бид бусдыг өөрчлөх завтай, харин өөрийгөө өөрчлөх завгүй хүмүүс л болж хувирчээ.
Нийгэм хэцүү, хүмүүсийн ухамсар дорой, залуус зүг чиггүй, засаг төр бүтэхгүй гэж туйлширцгаадаг. Мэдээж уг шүүмжлэлийн зарим нь үндэслэлтэй. Гэвч нийгэм гэдэг, түүнийг бүрдүүлж буй хүмүүсийн сэтгэлгээ зөвхөн цахим орчинд ухаантай хүний дүр эсгэснээр өөрчлөгддөг эд биш. Хамгийн гол нь өөрчлөлтийг үргэлж бусдаас шаардах хандлага, сэтгэлгээ цахимд голчилдог. Гэтэл нийгэм маань бидний өдөр тутмын үйлдэл, аливаад үзүүлэх нөлөө, хандлага, бусадтай харилцах соёл, хариуцлагаас бүтдэг шүү дээ. Бусдын алдааг олон нийтэд дэлгэхдээ шударга ёс ярьж, өөрийн алдаанд тайлбар хайна. Ерөөс цахимд бид бүгдээрээ баг өмсөгчид. Харин өөрийгөө жинхэнээр нь тольдоход үнэн сэтгэлгээ л хэрэгтэй.
Цахим дахь хүмүүсийн сэтгэлгээний хамгийн аюултай нь энэ. Аливаа нэг хэргийн талаар мэдээлэл гарсан даруйд шударга ёсыг бус шийтгэх хэн нэгнийг цөмөөрөө хайдаг. Олны шүүх хурал түүнд л зорино. Нотлох баримт бүрэн эсэх, нөхцөл байдлыг бүх талаас нь дүгнэн шинжилсэн зэрэг чухал нөлөөгүй. Ямарваа хэргийн талаар хулганы хавх руу хүртэл өнгийгөөд шалгачих сүйхээтэй хүн цахимд тун цөөн. Хамгийн гол нь хэн ямар шийтгэл амсах ёстойг л сонирхоно. Туйлын ядмаг нь хүн бүр өөрийгөө шударга ёсны талд зогсож байна гэж бат нот итгэдэг. Гэтэл шударга ёс гэдэг олны уур хилэнг нэг хүн дээр төвлөрүүлснээр тогтдог зүйл биш. Баримт, нөхцөл байдал, учир шалтгааныг нягтлахгүйгээр гаргасан шийдвэр шударга ёс бус, олны сэтгэл хөдлөлийн түр зуурын ялалт төдий.
Цахим орчин дахь олонхийн уур хилэн өөрөө нотлох баримт, олны дэмжлэг өөрөө шүүхийн тогтоол мэт ойлгогдох нь бий.
Өнөөдөр хэн нэгнийг өчигдрийн үйлдлээр нь дүүжилж орхисон хүмүүс маргааш шинэ хэрэг гарахад өмнөх үйлдлээ мартаж орхино. Тэгээд л дараагийн хүнийг цаазын тавцан тийш чирч гулдарна даа. Үйлийн үр хаалга андуурдаггүйн үлгэрээр өөрсдөд нь ч эл явдал тохиолдож мэднэ. Харамсалтай нь ийм л сэтгэлгээгээр бид ирээдүйгээ бүтээж суугаагаа анзаардаггүй.
Хамгийн гол нь буруутгагдсан хүний амьдралд учирсан хохирол, нэр төрд нь үлдсэн толбо, гэр бүлд нь ирсэн дарамтыг хэн ч эргүүлж төлж чадахгүй. Тэгээд ч цахим сэтгэлгээ их холбиромтгой. Хэрэв мөнөөх яллаж асан хүнийх нь гэм буруугүй тогтоогдвол шууд л гэнэн цагааны дүрд тоглоно. Урьдын үйлдэл нь ор мөргүй, бичсэн зүйлээ товч дараад л устгачихна. Тэгэхээр яллагч олон ч хариуцлага хүлээх эзэн байдаггүй нь л туйлын аюултай.
Цахим орчин бидэнд нийтэд үг хэлэх, үзэл бодлоо шуурхай түгээх боломж олгосон. Хэрэгтэй мэдээллээ олж авах, олон нийтийн асуудлыг ил гаргах, буруу зүйлийг шүүмжлэх хаалга ч нээлттэй. Энэ бол үгүйсгэх аргагүй дэвшил. Харин боломжоо юунд ч хамаагүй зарцуулаад эхэлвэл хэн болж хоцрох билээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэггүй сэн бил үү. Бидний сэтгэлгээ өдөр бүр цахим маргаанд дайчлагдаж, уур бухимдалд хурцлагдаж, бусдыг буруутгахад зарцуулагдсаар байвал оюун санаа улам зэрлэгшиж, тэр хэрээр нийгэм ч гэрлээ хумина.
Эцэст нь хэлэхэд цахим хэрэглэгч байх нь буруу зүйл огт биш. Илүү сайн хэрэглэж сурах нь ч чухал биз. Харин бидний цахим дээр гаргадаг үйлдэл, дүр эсгэдэг сэтгэл зүй, зөвхөн сайн хүн болж харагдах гэх сэтгэлгээ өөрт эерэг нөлөөтэй алсдаа хэрхэн сөрөг үр дагавар авчрах тухай бодолцоод үзэхэд илүүдэхгүй. Үргэлж шүүмжлэл давамгайлсан нөхцөлд аль нэг тал олны дэмжлэгээр бурууд гарших, хортой зүйл хийх явдал газар авна. Үүний үр нөлөөг ч бид зарим талаар хангалттай эдэлж буй. Тиймийн тул бодох, бодлоо сийрүүлж цахимд тунхаглахаас илүүтэй бодит ахуйд бүтээж, цогцлоох хүртэл хол зай бийг тунгааж явахад гэмгүй.