
Орос улс дайн эхэлснээс хойших Киев орчмын хамгийн том довтолгооны нэгийн үеэр шинэ гипердуут баллистик пуужин ашиглажээ. Уг халдлагын улмаас дөрвөн хүн амиа алджээ.
АНУ “Oрешник” нэртэй энэ пуужинг олон төрлийн энгийн эсвэл цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай дунд тусгалын пуужин гэж ангилдаг. Түүний хурд болон нислэгийн замнал нь Украинд байгаа агаарын довтолгооноос хамгаалах системүүдээр бараг зогсоох боломжгүйд тооцогддог. ОХУ энэ пуужинг гурав дахь удаагаа ашиглаж байгаа нь энэ юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський пуужин Била Церква хотын ойролцоо унасан гэж мэдэгдээд “Тэд үнэхээр ухаангүй болжээ. Үүнийг шийтгэлгүй өнгөрөөж болохгүй” гэжээ.
Украины Гадаад хэргийн сайд Андри Сыбиха уг пуужинг хуурамч цэнэгт хошуутай байсан гэж мэдэгдсэн байна.

Эммануэл Макрон мөн шөнийн дайралтыг буруушааж, Орешник ашигласан нь “Оросын түрэмгий дайны шинэ шатны хурцадмал байдал” гэж мэдэгдсэн байна.
Фредрих Мерц үүнийг “аюултай хурцадмал байдал” гэж нэрлээд Герман улс “Украины талд бат зогсоно” гэдгээ дахин илэрхийлжээ.
Украины Агаарын хүчний мэдээлснээр ОХУ шөнийн турш 600 дрон, 90 пуужин харваж, агаарын хамгаалалт 604-ийг нь устгасан байна. Сыбиха үүнийг нийслэл рүү хийсэн “хамгийн том довтолгоонуудын нэг” гэж тодорхойлжээ.
Зеленський “Харамсалтай нь бүх баллистик пуужинг устгаж чадсангүй. Киев хамгийн их цохилтод өртсөн бөгөөд энэ халдлагын гол бай нь Киев байсан” гэж хэлсэн байна.
Энэ дайралт нь Путин ОХУ-ын эзэлсэн бүсэд болсон Украины халдлагын хариу цохилтыг өгөхийг тушаасны дараа болсон юм.
Путин Украиныг “террорист” ажиллагаа явуулсан гэж буруутгаж, украин дронууд зүүн Луганск дахь Оросын хяналттай Староблиск хотын коллежийн дотуур байрыг цохисон гэж мэдэгджээ.
Оросын төрийн TASS агентлагийн мэдээлснээр, “Украины дроны цохилтын улмаас амиа алдсан хүүхдүүдийн” тоо 18 хүрсэн бөгөөд гурван хүн нурангид дарагдсан хэвээр байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт Орешник болон бусад баллистик пуужинг ашигласан нь “Оросын нутаг дэвсгэр дэх энгийн иргэдийн бай руу хийсэн Украины террорист халдлагын хариу” гэж мэдэгджээ.
Украины арми Путины мэдэгдлийг няцааж, зөвхөн “цэргийн зориулалттай дэд бүтэц, объектууд”-ыг онилдог гэж дахин мэдэгдсэн байна.
Тэд мөн баасан гарагийн өглөө цохисон байнуудын нэг нь Староблиск орчмын “Рубикон” нэгжийн штаб байсан гэжээ.
Rubicon Center for Advanced Unmanned Technologies нь 2024 онд байгуулагдсанаасаа хойш Оросын дроны технологи болон онилох системийг хөгжүүлж буй элит нэгж юм.
Зеленьский Путинд хандан “АНУ, Европ болон бусдаас шийдвэртэй алхам хэрэгтэй байна. Ингэж байж Москвагийн энэ хөгшин өвгөн “энх тайван” гэдэг үгийг хэлэх болно” гэж мэдэгдсэн байна.