
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, намуудын үйл ажиллагааг цэгцлэх оролдлого хийгээд гурван жил болох нь.
Тэр зуурт намууд хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа шинэчилж буй. Мөн шинээр Либертари намыг Дээд шүүх бүртгэснээр манай улс 38 улс төрийн хүчинтэй болоод байна. Намуудыг бодлогын, төлөвшсөн байгууллага болгохын тулд төрөөс санхүүгийн дэмжлэг олгож, бүртгэлээс нь эхлээд хянаж, зөв, цэгцтэй болгохоор шат шатны ажиллагаа өрнөж буй. Хэдий тийм ч улс төрийн зорилго нь тодорхой зарим намыг “засах” тийм амар биш. Тэд УИХ-ын сонгуульд яаж ийгээд хуульд заасан босгонд хүргэх тооны хүмүүс олж нэр дэвшүүлдэг ч хэзээ ч парламентад суудал авч чаддаггүй. Гэхдээ л сонгууль алгасдаггүй. Халаасны, “наймааны” гэх мэтээр эдгээр намыг тодотгож болно. Сонгуулиар аль нэг том намын талд ажиллаж, санал хуваах, будилуулах, эсвэл шантааж хийх замаар амьдардаг. Ийм намуудын ихэнх нь олонд танигдсан ганцхан хүнтэй, улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй атлаа дарга нэртэй өнөөх хүн нь нүдэн дээр баяжаад байдаг жишиг тогтжээ.
Бүртгэлтэй 37 нам үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор багтаж Дээд шүүхэд хүргүүлэх үүрэг хүлээсэн. Эл хугацаандаа 29 нам материалаа хүргүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шаардлага хангасан 17 намын дүрмийг бүртгээд буй аж. Зарим намын дүрэм, материалд “засвар” хийх шаардлага байсан учраас Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд дахин 60 хоногийн хугацаа олгох шийдвэр гаргасан. Өргөдлийг нь хянаж, буцаасан хугацаанаас хамаараад нам бүрийн 60 хоног дуусах өдөр нь ялгаатай юм билээ. Тухайлбал, ИЗНН-ын дүрмээ дахин бүртгүүлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд дууссан. Гэхдээ тус намынхан өнгөрсөн долоо хоногт Их хурлаа хийж, дүрмээ дахин шинэчлэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн.
ХҮН, Эх орончдын нэгдсэн, Монгол консерватив, МУНН, Монголын ардчилсан хөдөлгөөний зэрэг намд олгосон хугацаа ч дээрхтэй ижил байна. Намуудад олгосон хамгийн сүүлийн хугацаа энэ тавдугаар сарын 14-нд дуусах нь.
Сүүлийн хэдэн жилд төлбөртэй жагсаалыг “баздаг” нэг хүн тодорсон нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар. Тус намыг Дээд шүүх 2017 оны зургаадугаар сард бүртгэжээ. Үүнээс хойш Х буюу твиттерт энэ нөхөр үе үе шударгын дүр эсгэсэн пост оруулан танигдаж эхэлсэн юм. Мөн “Манайд хоноё” хэмээн нэвтрүүлэг хийж, гэр хороололд, монгол гэртээ зочдоо урьдаг байлаа. Дэлхий даяар Ковид19 цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоож эхэлсэн үед буюу 2021 оны өвөл халдвар авсан гэх дөнгөж нярайлсан эмэгтэйг хүүхэдтэй нь таавчиг, халаадтай нь зөөвөрлөж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Халдвар авсан байж болох ч нярай хүүхэд, ээж хоёрт дулаан хувцсаа өмсөх боломж олгох ёстой байсан, хүний эрхийн мэдрэмжгүй гэх мэтээр нийгэм шуугьсан юм. Тэр үед А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд таавчиг, халаадтай жагсаал эхлүүлж, шударга ёс шаардсан нь тун зөв зүйтэй алхам харагдаж байлаа. Улстөрчид албан тушаалд нэг очихоороо буухаа мэддэггүй ч У.Хүрэлсүх яг энэ шалтгаанаар шууд л өөрийн хүсэлтээр огцорсон юм даг. Гэвч үнэндээ тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж л бууриа сэлгэсэн билээ. Ямартай ч үүнээс хойш А.Отгонбаатар ямар нэг албан тушаалтныг хамгаалсан, эрх ашиг хөндсөн, төлбөртэй, захиалгатай олон жагсаалд тэргүүлэн оролцох болсон. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулахаар шаардаж байх үед тэрээр “хамгаалах” арга хэмжээ болсон “нүүрсний хэрэг”-тэй холбоотой болон “Ухаа худагаа аваръя” жагсаалд уриалан оролцов.
2024 оны УИХ-ын сонгуулиар тэрээр хангайн нэгдүгээр бүсэд нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшигч бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Тухайн үед түүний өөрийн орлого 125, гэр бүлийнх нь 300 сая төгрөг байв. Мөн нийтийн нэг орон сууц, хашаа байшинтай, “Тоyota prius” маркийн авто машинтай байсан юм. Эзэмшдэг үл хөдлөхийн үнэ нь 554 сая, мөн 14 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байна. Тэгвэл жилийн дараа амьдралын нөхцөл нь эрс сайжрав. “Toyota Land Cruiser 300”, “BYD Leopard 8” загварын хоёр автомашинтай болсон гэнэ. Ганцхан жилийн дотор 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ч унаатай болсон нь энгийн “хөдөлмөрчин ард”-ын хувьд боломжгүй зүйл. Ер нь жагсаалаар дагнасан, жагсаалаас төрсөн тэрбумтан болж байна. Эрх баригчдыг “долоосныхоо” хариуд эхнэрээ хүртэл гайгүй албан тушаалд томилуулж амжжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Иргэн О, Т гээд төлбөртэй жагсагчдыг бид мэддэг болсон. Жагсаалаас төрсөн тэрбумтнуудаас татвар авъя. Хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглүүлдэг болъё” гэж байв.
Хамгийн сүүлд тэрээр дөрөвдүгээр сарын 14-нд Сүхбаатарын талбайд бүх ард түмний хаврын чуулган зохион байгуулж, тэтгэврийн ахмадуудаас 3.2 сая төгрөгийн хандив босгосон. Үүнийг юунд зарцуулснаа тайлагнах бодол түүнд үгүй биз ээ.
Манай улсад гуравдагч хүчний намууд парламентад төлөөлөлтэй болж, бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн түүх ховор. 2012- 2016 оны парламентад “Шударга ёс” эвсэл 11 суудал авч, анхны бөгөөд одоогоор сүүлийн удаа бүлэг байгуулан ажилласан байдаг. Эдүгээ ХҮН намынхан долоон суудалтай байна. Уг нь найман хүн сонгогдсон ч гишүүн Ж.Золжаргал намаасаа түдгэлзээд буй. Үүнээс бусад үед жижиг намууд 1-3 суудал л авдаг байв. Гэхдээ ийнхүү хууль тогтоож, “хүрд эргүүлэх” боломж олон намд олддоггүй. Ямартай ч Эх орон, БНН хэмээх ганц хүний намыг бид мэднэ. Тэд бас засгийн эрхийг барилцаж үзсэн. Эдгээр нам, тэдний ганц “дайчин” болох Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар моодноос хэдийнэ гарсан. Тэд албан тушаал, сайдын суудлаар “наймаа” хийдэг байсан биз. Харин шинэ цагийн “ганц дайчид” дээр дурдсанчлан жагсаалаар мөнгө хийж, эрх ашгаа гүйцээдэг болсон.
Дээд шүүхэд эдүгээ 38 нам бүртгэлтэй. Тэдний хэд нь олонд танигдсан лидертэй вэ. Парламентад суудалтай нам, эвслүүдийг энэ тооноос хасъя. Эрх биш сонгогдсон гишүүдийг нь өнгөрсөн хоёр жилд иргэд гадарладаг болсон хойно.
Хуучны намуудын нэг МУНН-аас ганц удаа О.Дашбалбар агсан парламентад сонгогдсон түүхтэй. Түүнээс хойш лидер төрсөнгүй, гэхдээ нам нь алга болсонгүй. Тус намын дарга Б.Батболд сонгуульд өрсөлдөөд ч амжилт ололгүй явсаар “үеэ дуусгаж” байна. Л.Гүндалайгийн байгуулаад хаясан Ард түмний нам, Ард түмний хүч гэж сонгуулиар нэг амь ордог ТББ бий. Ингэсгээд бусад намаас даргыг нь ч танихад хэцүү. Тийм л “сураггүй” хэдий ч сонгуулиар үе үе гарч ирдэг. Эдгээрт намын даргаас нь өөр тогтмол ажилладаг гишүүн үнэхээр байдаг уу гэдэг нь ч эргэлзээтэй. Ихэнх жижиг намынхан сонгууль бүрээр энд тэндээс “гуйж, түүж” цуглуулсан хэдэн хүнээ нэр дэвшүүлдэг. Гэвч олонд танигдаагүй, чадвар, туршлага сул, тэгээд таньж мэдэхгүй намыг иргэд дэмждэггүй гэхэд болно.
Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох тухай ярьсаар ирсэн ч хуульчлан зохицуулсан зүйл алга. Мөн Дээд шүүхийн бүртгэлд байдаг жижиг намууд албан ёсоор хэдэн гишүүнтэйг мэдэх хүн үгүй. Нам байгуулахын тулд 800-аас доошгүй иргэний дэмжлэг авсан байх ёстой. Тэднийгээ л гишүүнд тооцдоггүй юм бол бодитой нь хуруу дарам л болов уу. Гишүүнгүй, зөвхөн даргатай, тэгсэн атлаа намынхаа нэрээр шантааж, бизнес хийж хөлждөг байдлыг таслан зогсоох цаг болсон. Үнэндээ ганц хүн нам төлөөлөх эрхгүй. Үнэн ба зөв намын тухайд 2024 оны сонгуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрөөс санхүүжилт хүртэх болзол хангасан юм. Гэвч ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тэг тайлантай учраас СЕХ тэдэнд уг мөнгийг олгох боломжгүйгээ мэдэгдсэн. Ийм байхад А.Отгонбаатар “Ард түмний амьдрал хэцүү байхад төрөөс санхүүжилт авахгүй, төсвийн мөнгийг хэмнэнэ” гэсэн поп тайлбар хийж байв шүү дээ.
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэснийг биелүүлээгүй намуудыг татан буулгая. Тайлан гаргахгүй байна гэдэг нь үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Тийм атлаа намынхаа нэрээр шантааж хийж, мөнгө босгодог “гаруудыг” давраахаа больё. Гэвч хуульд зөвхөн тухайн намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр л ийм боломжтой байгаа нь харамсалтай. СЕХ-нд тухайн намыг идэвхгүйд тооцох эрх л бий. Гэхдээ нам зөрчлөө арилгавал энэ эрхээ сэргээнэ. Хуульд хатуухан зохицуулалт оруулахгүйгээр чанаргүй олон нам, түүгээр дамжуулан ашиг хонжоо олж, олон нийтийн тархийг угаагчид л олширч байна.
С.Туул