
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөллөө
АН-ын улс төрийн шахалт, МАН-ын дотоод хуваагдалын улмаас эхлэл дээрээ гацсан хаврын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаргийн үдэш хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөллөө. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Н.Учралыг спикерийн ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн бол дангаар ирцээ хангалттай бүрдүүлэх боломжтой ч эрх баригч МАН-ын бүлгийн хагарал төрийн хямралд хөтөлсөнд иргэд сонгогчид тун бухимдалтай байгаа юм.
Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Түүний хувьд дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаанаас гаргах нь өөрийн үүрэг хэмээгээд Ерөнхий сайдын үүрэгт ажлаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. Хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд АН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй. Нэгдсэн чуулганы хуралдаанаар нийт 73 гишүүн санал хураалтад оролцсоноос олонхын саналаар Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байна.
МАН-ын Бага хурал ойрын хугацаанд хуралдаж дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. Эрх баригч намын дарга Ерөнхий сайд болдог жишгээр Н.Учрал Засгийн газраа бүрдүүлбэл парламентын дарга хэн болох вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Одоогоор энэ суудалд хамгийн боломжтой гэсэн хувилбарууд яригдаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ гэсэн нэрс хэвлэлээр гарчээ. Эндээс хамгийн боломжит хувилбараар С.Бямбацогтын нэр яригдаж буй аж. Учир нь спикер бол УИХ дотор эвийг сахиулж зөвшилцлийг хангаж явах албан тушаал. Мөн мэргэшсэн парламентч байхыг шаарддаг. С.Бямбацогтын хувьд УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон, МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Харин С.Амарсайханы хувьд УИХ-д хоёр дахиа, Ж.Бат-Эрдэнэ гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ
Дэлхийн зах зээл дэх нефтийн хомсдол, нийлүүлэлтийн хүндрэлээс шалтгаалан Монгол Улсад шатахууны үнийг нэмэх зайлшгүй нөхцөл үүсжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшиний өгсөн мэдээллээр эхний ээлжид зарим түлшний үнийг 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд цаашид литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол хийгээд байна.
ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хувьд АИ-92 бензиний үнийг тогтвортой хадгалах ч бусад төрлийн түлшний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон байна. Үнийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр эхний ээлжид АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцооллын хүрээнд шатахууны нийлүүлэлтийг төрөлжүүлэх гуравдагч орнууд, тэр дундаа БНХАУ-аас импортлох боломжийг судалж эхэлсэн аж. Мөн ОХУ-ын тал Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэдгээ илэрхийлсэн бол хаврын тариалалтын ажлыг дэмжих зорилгоор 10 мянган тонн түлшийг үнийн нэмэгдэлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газраас “Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх” УИХ-ын тогтоолын төслийг ойрын хугацаанд УИХ-аар батлагдвал шатахууны үнийг 5 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэв.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд:
• АИ-92 бензиний 42 хоног
• АИ-95 бензиний 72 хоног
• Дизель түлшний 26 хоног
• Агаарын тээврийн түлшний 19 хоногийн нөөцтэй байна.
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол "Оюу Толгой" ХХК-д ус ашиглуулахгүй
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах тухай яригдсанаас хойш долоо хоног өнгөрлөө.
Усны газрын дарга З.Батбаярын өгсөн мэдээллээр “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичиг ирүүлсэн ч ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож өгөх чигтэй байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс төлбөрийг 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн байр суурь хэвээр байна. “Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Занданшатар Усны газарт даалгав.
Туулын хурдны зам барихыг эсэргүүцэв
Туул голыг дамнан хурдны зам барихыг эсэргүүцсэн иргэд "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөн өрнүүлж буй.
Баянзүрхийн товчоо, Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр үргэлжлэх хурдны зам барихаар төлөвлөхдөө Туул голыг дайруулж бургас сүйтгэж байгаа нь экосистемд сөргөөр нөлөөлнө хэмээн зарим иргэд эсэргүүцдэг. Энэ асуудлаар дорвитой шийдэл гарахгүй байгаа тул тэд дараагийн алхамдаа шилжиж, хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ.
Хуурайшилтын улирал эхэллээ
Нийт нутгаар дулаарч агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байна. Ялангуяа Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байгаа тул ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж буй.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт дөрвөн аймгийн таван суманд ойн хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 4000 орчим га талбай шатжээ.