
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Техрантай хийх хоёр дахь хэлэлцээг дараагийн хоёр өдрийн дотор хийж магадгүй гэж мэдэгдэв. Пакистаны нийслэл Исламабад хотод амралтын өдрүүдэд болсон эхний хэлэлцээ бүтэлгүйтэж, АНУ Ираны боомтуудыг хаасан билээ.
"Дараагийн хоёр хоногт ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй. Бид тийшээ/Исламабад / руу очих бодолтой байгаа" гэж Трамп Нью-Йорк Пост сонинд өгсөн утсаар өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Өмнө нь Пакистаны өндөр албан тушаалтнууд AFP мэдээллийн агентлагт тус улсын эрх баригчид Вашингтон, Техраныг дахин хэлэлцээрийн ширээнд суулгах, хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийг сунгахаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэн юм.
Пакистаны Сангийн сайд Мухаммед Аурангзеб Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Пакистаны удирдлага АНУ болон Ираны хоорондын яриа хэлэлцээг хөнгөвчлөх хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг хэлээд, бямба гарагт Исламабад хотод болсон уулзалт нь хоёр улсын хооронд бараг 50 жилийн хугацаанд хийсэн анхны шууд хэлэлцээ байсныг дурдав.
CNN-ийн эх сурвалжуудын мэдээлснээр , АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламабад хотод Ираны албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар Техрантай хийх хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад дахин оролцох юм.
Трамп тэдэнд дайнаас гарах дипломат арга замыг олохыг даалгасан бөгөөд энэ даалгаврыг биелүүлнэ гэдэгт нь итгэсээр байгаа утхай эх сурвалжууд CNN-д мэдээлжээ.
Харин Ираны засаг захиргааны албан тушаалтнууд уулзалтын талаар дэлгэрэнгүй ярилцаж байгаа гэж мэдээлсэн ч мягмар гаргийн оройн байдлаар уулзалт болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Иран улс мөн уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байгааг хараахан баталгаажуулаагүй байна.