
"Про" театрын хамт олон ээлжит уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад тус театр Оросын театрын холбоотой хамтран, тус улсын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэлзүйн драмын жүжгийг тайзнаа амилуулах гэж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөж, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм.
Жүжгийн үйл явдал ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, цахим орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.
Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх, хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг олон асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.
Монголын хотжилт, амьдралын хэмнэл, өсвөр насныхны цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед энэхүү жүжгийн сэдэв, түүх нь үзэгчдэд дэндүү ойрхон бөгөөд үзэгчдэд тайзан дээрээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хөндлөнгөөс харах, нөхцөл байдлыг нь мэдрэх боломжийг орчин үеийн театрын хэлээр дамжуулан хүргэнэ.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.