
Дидье Дешам Францын шигшээ багийг 1998 онд ахлагчийн хувиар анх удаа дэлхийн аварга болгож байснаас хойш 20 жилийн дараа буюу 2018 оны ДАШТ-д дасгалжуулагчаар удирдан дахин алтан медальд хүргэсэн түүхэн гавьяатан.
2010 оны ДАШТ-д хэсгийн шатнаас хасагдсан Францын шигшээ тухайн үед дасгалжуулагч Раймон Доменекын эсрэг бослого гарган багийн уур амьсгал тааруу байв. Үүний дараа Лоран Блан багийг Евро-2012-ын шөвгийн наймд хүргэсэн бол Дешам ирснээр багийг бүрэн шинэчилж, 2018 онд Орост болсон тэмцээнд Килиан Мбаппег дэлхийн хэмжээний од болгон гялалзуулж, аваргын цом өргөсөн билээ.
Мэдээж Евро-2016-гийн финалд нутаг дээрээ Португалд хожигдсон, мөн 2022 оны ДАШТ-ий финалд Аргентинд торгуулийн цохилтоор ялагдсан зэрэг гашуун дурсамжууд бий. Энэ жил Хойд Америкт болж буй ДАШТ-д Францын баг түрүүлэх гол өрсөлдөгчөөр нэрлэгдэн, довтолгооны эрчтэй тоглолт үзүүлж байсан ч хагас шигшээд Испанийн багт 2:0-ээр хожигдсон юм. Өнөө шөнө Английн эсрэг хийх тоглолт нь Дешам дасгалжуулагчийн хувиар ДАШТ-д оролцож буй 27 дахь тоглолт болж буй.
Түүний халааг Францын хөлбөмбөгийн домог, Реал Мадрид клубын дасгалжуулагч асан Зинедин Зидан авах нь хэдийнэ тодорхой болсон. 1998 оны ДАШТ-д Дешамтай хамт алтан медаль хүртэж байсан, өдгөө 54 настай Зидан Францын шигшээг удирдах нь түүний мөрөөдөл болохыг өгүүлж байв.