
Дуу бичлэгийн уран бүтээлч D4vd нэрээр танигдсан дуучныг 14 настай охины амь насыг хохироосон хэрэгт буруутгаж гэм буруугийн шүүх хурал явагдаж байгаа билээ. Тэгвэл талийгаач охины ар гэрийнхэн дуучин болон түүний зарим хамтран ажиллагчийн эсрэг буруутай үйлдлээс шалтгаалсан нас баралтын нөхөн төлбөр нэхэмжлэх иргэний хэрэг үүсгэн шүүхэд хандсан тухай хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ.
Уг иргэний нэхэмжлэлийг Лос-Анжелес мужийн Дээд шүүхэд даваа гарагт гаргасан байна. Энэ нь эрүүгийн шүүхийн шүүгч прокурорууд D4vd-ийн жинхэнэ нэр болох Дэвид Энтони Бёркийг хүн амины хэргээр шүүхэд шилжүүлэхэд хангалттай нотлох баримт бүрдүүлсэн гэж үзсэнээс хойш зургаан долоо хоногийн дараа болсон үйл явдал юм.
Los Angeles Times-ын мэдээлснээр иргэний нэхэмжлэл нь эрүүгийн хэргийн хүрээнд гаргасан яллах талын үндэслэлүүдтэй үндсэндээ ижил аж. Прокурорын зүгээс Бёрк 2025 оны дөрөвдүгээр сард хохирогчийг өөрийн Холливуд Хиллз дэх гэрт хүргүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд тэнд Селесте Ривас Эрнандес амиа алдсан гэж буруутгаж байгаа юм.
Иргэний хэрэгт Бёркээс гадна түүний менежер, түүнийг төлөөлдөг авьяаслаг уран бүтээлчдийн менежментийн компани, хамт амьдардаг хамгаалалтын ажилтан болон дуучны ээжийг хариуцагчаар нэрлэжээ. Нэхэмжлэлд тэд Бёрк болон Эрнандес нарын хоорондох зохисгүй харилцааны талаар мэдэж байсан, эсвэл мэдэх ёстой байсан атлаа зохих арга хэмжээ аваагүй гэж үзсэн байна.
Охины эцэг эх болох Мерседес Мартинес болон Хесус Ривас мөн мэдэгдэл гаргаж, Бёрк эрүүгийн хэрэгтээ буруутай нь тогтоогдвол прокурорууд түүнд цаазаар авах ял хүсэхийг шаардсан гэж Los Angeles Times мэдээлжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан Бёркийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, хүний шарилтай холбоотой хууль бус үйлдэл, мөн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа. Тэрээр өөрт нь тулгасан бүх хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдсэн ч одоогоор батлан даалтад гаралгүй хоригдож байна.
Дуучин, ая зохиогч D4vd 2022 онд TikTok-т цахим орчинд хурдан алдаршиж, Fortnite тоглоомтой холбоотой бичлэгүүдэд зориулан бүтээсэн дуунуудаараа танигдсан юм. Түүний анхны томоохон хит болох “Romantic Homicide” дуу нь түүнд Interscope Records-той олон сая ам.долларын гэрээ байгуулах боломжийг нээжээ.
Прокуроруудын мэдээлснээр түүний анхны студийн цомог гарсан долоо хоногт Эрнандес сураггүй болсон бөгөөд тухайн үед насанд хүрээгүй байсан охин амиа алдсан хэрэг гарсан гэж үздэг.
Охины шарилыг таван сарын дараа Бёркийн нэр дээр бүртгэлтэй Tesla автомашины тээшний хэсгээс олжээ. Уг машиныг ачигдан автомашины хураах талбайд аваачсныг тэндхийн ажилтнууд эвгүй үнэр гарч байгааг анзаарч, цагдаад мэдэгдсэн байна.
Лос-Анжелес мужийн прокурорын газрын гаргасан үндэслэлтэй адил иргэний нэхэмжлэлд Бёрк хохирогчтой түүнийг 13 настай байхад нь бэлгийн харилцаа эхлүүлсэн гэж үзжээ. Мөн яллах талын таамагласнаар охин харилцааныхаа талаар олон нийтэд мэдээлж, улмаар дуучны өсөн дэвжиж буй урлагийн карьерт нь хохирол учруулна гэж сүрдүүлсний дараа хэрэг гарсан байж болзошгүй гэжээ.
Бёрк өнгөрсөн сард олны танил өмгөөлөгчөө сольж, улсын өмгөөлөгчдийн багийг төлөөлөгчөөрөө томилсон байна. Тус байгууллага бодлогынхоо дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа хэргийн талаар тайлбар өгдөггүй. Иргэний хэрэгт өөрийг нь төлөөлөх тусдаа өмгөөлөгч Бёрк хөлсөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.