Канадын улсын төвийн бүсийн нутгаар ойн түймэр асаж байна. Энэ долоо хоногийн байдлаар тус улсын нийт нутаг дэвсгэрт 208 ойн түймэр идэвхтэй асаж байгаа юм. Эдгээр түймрийн тэн хагасыг нь цурманд оруулж чаджээ.
Түймэр өнөөдрийн байдлаар 2 сая га талбайг шатаасан. Мөн иргэдийн суурьшлын бүсэд нэвтэрч олон тооны барилга байшин сүйтгээд байна. Түймэрт өртөх аюултай суурьшлын бүсээс 26 000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Канад улсад зундаа түймэр асах нь нийтлэг үзэгдэл. Гэхдээ энэ зун өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эрт ойн түймэр асаж дэгдлээ. Тодруулбал тавдугаар сарын дунд үе гэхэд Канад даяар хэдийнэ 160 түймэр асаж байжээ.
Манитоба, Онтарио, Саскачеван мужуудад түймрийн эрсдэл өндөр байгаа юм. Одоогоор түймрийн улмаас хоёр хүн нас баржээ. Түүнчлэн түймрийн хүрээ Бритиш Колумбиа, Альберта, Куэбэк, Ньюфаундлэнд, Лабрадор зэрэг мужид тархжээ. Манитоба, Саскачеван мужуудад түймрийн улмаас онц байдал зарласан байна.
Өргөн хүрээний газар нутгийг хамарсан түймрийн утаа Канадын нутаг дэвсгэрээс гадна Америк, Европ тивд хүрч агаарын чанар мууджээ.
Альберта мужид түймрийн улмаас газрын тосны боловсруулалт зогссон нь эдийн засгийн алдагдал дагуулж байна. Тус мужид түймрийн утаа хэт их тархсан тул газрын тос боловсруулдаг хамгийн том гурван компани ажилчдаа үйлдвэрээс нүүлгэн шилжүүлж үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй болжээ.
Иргэдийн амь насыг аврахын тулд нүүлгэн шилжүүлэлтийг аль болох түргэн гүйцэтгэх шаардлагатай байгааг гал сөнөөгчид, онцгой байдлынхан сэрэмжлүүлж байна.
Түймрийг унтраахын тулд цэргийн онгоцуудыг зарим мужид ашиглаж байна. 2023 онд ойн түймэрт тус улсын 15 сая га талбай шатсан. Энэ түймрийн дараах сэргээн босголт бүрэн хийгдэж амжаагүй байхад зарим нутаг дэвсгэр дахин түймэрт өртөж байна.