
Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын ээлжит, макро зохистой бодлогын талаарх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны есдүгээр сарын 16-17-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байна. Бодлогын хүүг нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил, мөнгөний эргэлт саарах эрсдэлтэй. Иймээс инфляцын дарамт болон эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөллийг харгалзан бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2026 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна. Суурь инфляц наймдугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурлаа. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.
Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдлаа. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна” гэлээ.