
АНУ, Иран гал зогсоох хэлэлцээрийг сунгах урьдчилсан тохиролцоонд хүрсэн боловч энэ нь Дональд Трампын эцсийн зөвшөөрлийг шаардлагатай хэвээр байгаа талаар Axios пүрэв гарагт мэдээлжээ.
Энэ мэдээлэл нь Иран АНУ Ираны дроны ажиллагааг онилсон гэж мэдэгдсэн цохилтын дараа Кувейт дэх АНУ-ын цэргийн бааз руу халдсан явдлын дараа гарчээ.
Axios-ийн мэдээлснээр хоёр тал гал зогсоох тохиролцоог 60 хоногоор сунгаж, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ эхлүүлэх санамж бичгийн үндсэн хүрээнд тохиролцсон байна. Гэвч төлөвлөгөө хүчин төгөлдөр болохын тулд Дональд Трампын зөвшөөрөл шаардлагатай аж.
Энэхүү мэдээллийн дараа газрын тосны үнэ буурч эхэлсэн байна. Трамп сүүлийн өдрүүдэд дайны төгсгөл ойртсон гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр хэвлэлд хэлэхдээ хэлэлцээний явцад бүрэн сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд АНУ Ираны шаардсан хориг сулруулах асуудлыг хэлэлцэхгүй байгаа гэжээ.
Сүүлийн халдлагууд харьцангуй хязгаарлагдмал байсан ч дөрөвдүгээр сарын эхээр байгуулсан эмзэг гал зогсоох хэлэлцээр хэр тогтвортой болохыг дахин харууллаа. Гурван сар үргэлжилсэн мөргөлдөөний улмаас олон мянган хүн амиа алдаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд чухал ач холбогдолтой Ормузын хоолой хаагдах эрсдэл үүссэн юм.
АНУ-ын Цэргийн төв коммандаас мэдэгдэхдээ АНУ-ын хүчин Ираны таван довтолгооны дроныг устгаж, зургаа дахь дроныг хөөргөхөөр бэлтгэж байсан газрын удирдлагын станцыг Бандар Аббас хотод устгасан гэжээ. Мөн Кувейтийн хүчин тус улс руу чиглэсэн баллистик пуужинг замд нь устгасан байна.
АНУ-ын нэгэн албан тушаалтан “Эдгээр ажиллагаа нь хэмжээндээ тохирсон, зөвхөн хамгаалалтын шинжтэй байсан бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг хадгалах зорилготой” гэж Ройтерс агентлагт нэрээ нууцлан ярьжээ.
Исламын хувьсгалт гвард харин Бандар Аббас нисэх буудлын ойролцоох довтолгоог хариуцсан АНУ-ын баазыг онилсон гэж мэдэгдэж, дахин ийм үйлдэл гарвал “илүү шийдэмгий хариу өгнө” хэмээн анхааруулсан байна.
Кувейт халдлагыг буруушааж, Ираныг “ноцтой хурцадмал байдал” үүсгэж байна гэж мэдэгдэн нэн даруй зогсоохыг шаарджээ.
Энэ долоо хоногт гарсан хоёр дахь томоохон мөргөлдөөн нь исламын Эйд ал-Адха баярын үеэр тохиосон бөгөөд хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иранд цохилт өгснөөс эхэлсэн бүс нутгийн мөргөлдөөнд олон улс татагдаад байна.
Зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистан улсын мэдэгдсэнээр тус улсын Гадаад хэргийн сайд Ишак Дар өнөөдөр Марко Рубиотой Вашингтон хотод уулзахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Ливанд Израил Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн дэд бүтцийг онилон Tайр хотод цохилт өгч эхэлсэн. Мөн нийслэл Бейрут хотод ч агаарын цохилт өгсөн байна.
Ливаны арми мэдэгдэхдээ уг цохилтын улмаас нэг цэрэг амиа алдсан гэжээ. Харин Израил Ливаны өмнөд хэсэгт Хезболлаг мөрдөн ажиллагаа явуулснаар хэдэн зуун мянган хүнийг дүрвэхэд хүргэсэн бөгөөд хойд нутагт нь агаарын түгшүүрийн дохио дуугарсан гэж мэдэгдсэн юм.