
Энэтхэгт хиндү болон лалын шашинтнуудын хоорондын эв нэгдлийг харуулсан хэд хэдэн үйл явдал олон нийтийн сүлжээнд өргөн тархаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Уттаракханд мужийн Котдвар хотод спорт заалны эзэн Дипак Кумар нэгэн лалын дэлгүүрийн эзнийг хамгаалж, хиндү үндсэрхэг Бажранг Дал бүлгийн гишүүдтэй нүүр тулсан нь олны анхаарлыг татжээ. Тэд лалын худалдаачин Вакеэл Ахмедээс дэлгүүрийнхээ нэрээс “Баба” гэдэг үгийг хасахыг шаардсан байна. Кумар өөрийгөө “Мохаммад Дипак” хэмээн танилцуулаад “Энэ бол Энэтхэг. Хэн ч шашнаас үл хамааран энд амьдрах эрхтэй” гэж хэлсэн нь цахим орчинд өргөн тархжээ.
Оюутнуудын хамгаалалт
Дараа нь Лакноу Их сургуульд Рамадан сарын үеэр лалын оюутнууд мөргөл үйлдэхэд саад учирснаар тэднийг хамгаалан хиндү оюутнууд “хүн гинж” үүсгэн зогссон үйл явдал мөн олны анхаарлыг татсан байна.
Маргаантай үйл явдал
Мөн Ражастан мужид хуучин парламентын гишүүн Сукбир Сингх Жаунапуриа лалын эмэгтэйчүүдэд хөнжил өгөхөөс татгалзсан нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Орон нутгийн хиндү иргэд хүртэл энэ үйлдлийг шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Дели их сургуулийн профессор Апурванандын хэлснээр ийм эв нэгдлийн ийм үйлдлүүд нь эерэг ч гэлээ нийтлэг хандлага болсон гэж үзэхэд эрт байна гэжээ. Тэрбээр “Ийм үед хүмүүс хөндлөнгөөс оролцохоос айдаг. Учир нь хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр” хэмээн тайлбарлажээ. Мөн эдгээр үйл явдлууд олон нийтийн сүлжээний нөлөөгөөр илүү их харагдаж байгаа болохоос биш нийгмийн гүн өөрчлөлтийн эхлэл гэж дүгнэхэд хангалтгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.