Зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6836-д хүрлээ. Өдрөөс өдөрт тохиолдлын тоо хэдэн зуугаар нэмэгдэж, одоогоор уг өвчний улмаас таван хүн нас бараад байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүйд хүрч нэмэлтээр ор дэлгэсэн ч ачаалал нь дийлдэхгүй байсаар. 2025 оны хоёрдугаар сарын 18-нд анх бүртгэгдсэн уг өвчин дөрвөн сар хүрэхгүй хугацаанд 7000 дөхлөө.
Халдварт өвчний тархалт, давтамж, хүндрэлийн түвшинд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг аж. Тэр нь хүн амын амьдралын хэв маяг, орчны нөхцөл, эрүүл ахуй, дархлаа, агаарын бохирдол, цаг уурын нөхцөл, вакцинжуулалтын түвшин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг юм. Мөн халдвар тараагч амьтдын тоо толгой, хүн амын нягтаршил, аялал жуулчлал, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйл халдварын тархалтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Гэвч энэ дундаас хамгийн их нөлөөлөхүйц нь дархлаажуулалт болон хувийн ариун цэврээ сахих явдал гэж эмч нар хэлж байна.
Зун эхэлсэн ч томуу байсаар
Халдвар өвчин бол нас, улирал зэргээс хамааран өөрчлөгдөж байдаг. Одоогоор ХӨСҮТ-д ганц улаанбурхан гэлтгүй салхин цэцэг, гар хөл, амны өвчин зэрэг халдварт өвчлөлүүд бүртгэгдсээр байна. Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэдэсний өвчин, хоолны хордлого, цусан суулга гарч эхэлдэг. Энэ үед ханиад томууны дэгдэлт хэдийнэ дуусчихсан байдаг бол амьсгалын замын халдварт өвчин буурахгүй байсаар гэдэсний өвчнүүдтэйгээ золгох гэж буйг ХӨСҮТ-өөс хэллээ. Зуны эхэн сар гарсан ч томуу, томуу төст өвчний халдвар байсаар байна. Тодруулбал, уг өвчний амбулаторид эзлэх хувь өнгөрсөн долоо хоногоос 5.4 хувьтай болов. Байнгын зургаагаас дээш хувьтай байсаар өнгөрсөн долоо хоногийг хүрч, арай багасав. Өөр нэг таагүй мэдээ нь томуу, томуу төст өвчин дийлэнх аймаг болон нийслэлд идэвхжлийн түвшинд байна.
Дархлаажуулалт буурсны гор
Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол зүйл дархлаажуулалт болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалт тавхан жилийн дотор 10 орчим хувиар буурсан. 2023 онд хийсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (НҮТС)”-нд дурдсанаар улсын хэмжээнд бүх вакцинд хамрагдалт таван жилийн өмнөхөөс буюу 2018 оныхоос 10 хувиар буурсан байна. Судлаачид үүнийг коронавирусын эсрэг вакцины нөлөөгөөр иргэдийн вакцинд итгэх байдал буурсан хэмээн үзэж буй.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа
“Цар тахалтай холбоотойгоор аль ч улс оронд вакцины хамралт буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ утгаараа вакцинаар сэргийлэгддэг өвчнүүд ерөнхийдөө дэгдэлт байдлаар бүртгэгдэж байна.”
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга асан Д.Нарангэрэл
“Вакцинаас татгалзах үзлээс болж энэ хувь буурлаа гэхэд халдварт өвчинд нэрвэгдэх байдал улам л нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед дархлаажуулалтыг удамшил, удамшлын өвчинтэй холбон судлах болсон нь сайн хэрэг. Зарим айлын хүүхдэд зарим төрлийн вакцин харшлах зэрэг тохиолдол байдаг. Тиймээс үүнийг эцэг, эхчүүд ч анзаарч ажиглаж байх ёстой.”
Судалгаанд өгүүлснээр бүх вакцинд хамрагдсан (суурь дархлаажуулалт) буюу нэг нас хүрэхээс өмнөх товлолт вакцинд хамрагдсан 12-23 сартай хүүхдүүдийн дархлаажуулалт 2018 онд 86.9 хувьтай байсан бол 2023 онд 76.2 хувь болж буурчээ. Мөн бүх вакцинд хамрагдсан (бүрэн дархлаажуулалт) буюу товлолт бүх вакцинд хамрагдсан 30-35 сартай хүүхдийн хувь 2018 онд 68.8 хувьтай байсан бол 2023 онд 60.9 хувь болж буурсан байна.
Вакцинжуулалтыг үзүүлэлт тус бүрээр нь авч үзвэл,
Сүрьеэгийн эсрэг вакцинд хамрагдалт 98-96.8%
Халдварт саагийн эсрэг вакцинд хамрагдалт 92-79.1%
Сахуу, хөхүүл ханиад, татран, хепатит Б, хемофилюс инфлюэнза Б (тавт) вакцинд хамрагдалт 91.9-85.8%
Улаан бурханы эсрэг вакцинд хамрагдалт 91.6-81.9% хувь болж буурчээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн улаанбурхны 4209 тохиолдолд тандалт хийж, вакцинд хамрагдалтаар нь судалвал, бүрэн хамрагдсан 15.2 хувь, хамрагдаагүй 55.4 хувь, бүрэн хамрагдаагүй 17.1 хувь, вакцинжуулах насанд хүрээгүй 13.1 хувь байжээ. Иргэд хэдий чинээ вакцинаас татгалзана, төдий чинээгээр халдварт өвчин нэмэгддэг зүй тогтол байдаг. Гэлээ гээд иргэдэд хүчээр дархлаажуулалт хийж болохгүй. Боломж ч үгүй.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам
“Халдварт өвчнүүдийг вакцин хийлгэснээр эрсдэл багатай даван туулж хүн амын дунд өвчлөл гарч, дарамт үүсэхээс сэргийлж чадна. Вакцинжуулалтын хамрагдалт хэдий чинээ өндөр байна тухайн халдварт өвчин хүн амын дунд тархах эрсдэл төдий чинээ бага байна гэсэн үг. Дэлхий дахинд үүсээд байгаа нэг асуудал бол вакцинд хамрагдалт буурснаар тухайн хүн ам дотор гарч байгаа халдварын тоо нэмэгдэж буй явдал. Үүний нэг жишээ бол улаанбурхан өвчин. Мөн улс орнууд хяналтдаа авчихсан маш бага бүртгэгддэг байсан хөхүүл ханиад, сахуу өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байна. Манай улс сүүлийн хэдэн жил хүн амаа вакцинаар сэргийлээд энэ өвчний халдварыг хяналтдаа авчихсан учраас бүртгэгдээгүй.”
Нэг хүн ариун цэврээ сахих нь
Цар тахлын үед Монгол Улсад ханиад буюу томуу, томуу төст өвчин эрс багассан. Жишээлбэл, 2021 онд хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл өмнөх жилүүдээс 4-5 дахин бага байв. Үүнд нөлөөлсөн хэд, хэдэн шалтгаан бий. Үүнд, хөл хорио тогтоосон, маск зүүх, гар ариутгах зэрэг дадлыг хэвшүүлсэн, сургууль цэцэрлэгүүд хаагдсан, олон нийтийн газрууд хаалттай, гадаадын халдвар Монголд орж ирэх нь хязгаарлагдсан зэргийг нэрлэж болно. Гэвч эмч мэргэжилтнүүдийн зүгээс цар тахлын үед ханиад багассан шалтгааныг хүмүүсийн ариун цэврийн дадал зуршил сайжирсантай холбон тайлбарлаж байна. Хүмүүс амны хаалт тогтмол зүүх, гараа угаах, ариутгах, хүн хоорондын зай барих зэрэг эрүүл ахуйн дадалтай болсон нь ханиадны халдвар дамжих магадлалыг багасгасан гэв. Одоо энэ дадал нь үгүй болсноор ийнхүү халдварт өвчин даамжрах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг онцоллоо. Тиймээс хүүхдүүдийг багаас нь зөв дадалд сургах нь урт хугацааны үр дүнтэй халдварын эсрэг бодлого болдог бөгөөд нэг хүн ариун цэврээ сахих нь зөвхөн өөрийгөө бус, гэр бүл, хамт олон, нийгмийг хамгаалж байгаа хэрэг гэдгийг сануулсан юм.