
Германы нэрт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдийн амьдарч байсан тансаг харшийг худалдахаар болжээ. Карл Лагерфельд тансаг зэрэглэлийн байшингийн цуглуулгаараа алдартай байсан бөгөөд нэгэнтээ “Хамгийн сайхан байшин бол хэзээд дараагийн шинэ байшин байдаг” гэж хэлж байв.
Энэ удаад худалдах гэж буй байшин нь Парисаас холгүйхэн байдаг бөгөөд долоон унтлагын өрөөтэй тус тансаг харшийг 2.7 сая еврогоор үнэлжээ. 500 метр квадрат талбайтай байшин одоо ч сайхнаараа байгааг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч онцолсон байна.
18 дугаар зууны үед хамаарах тэрхүү тансаг харшийг өмнө нь Карл Лагерфельдээс гадна Монакогийн гүнж Каролина эзэмшдэг байжээ. Карл Лагерфельд 1998 он хүртэл бараг 10 жил тус байшинг эзэмшсэн. Тухайн цаг үед “Chanel”-ийн зураг авалтыг хүртэл Лагерфельдийн байшинд хийж байв. Харин түүний дараа гүнж Каролина гэр бүлийн хамтаар зургаан жил тус байшинд амьдарсан байдаг. Түүний охин Шарлотын ханан дээр зурсан зургууд болон зарим урлагийн бүтээл одоо ч тус байшинд бий.

Байшинг анх 1749 онд нэгэн сурвалжит гэр бүлд зориулж барьжээ. 1930-аад оны үед тус байшинд Францын кино жүжигчин Рене Сен-Сир мөн амьдарч байсан гэдэг.
Одоогийн эзэмшигч нь Монакогийн гүнж Каролинагаас 2014 онд байшинг худалдаж авсан байна. Гэхдээ тухайн хүний хэн гэдэг нь тодорхойгүй бөгөөд нэрээ нууцлахыг хүсчээ.