“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд ажилласан Монголын багийн хэвлэл мэдээллийн багийн гэрэл зурагчин Д.Нямбилэг, Э.Харцага, сэтгүүлч Б.Мөнгөнтамир нарын “Онцгойрч үлдэх олимп” ном үзэгчийн хүртээл боллоо. Олимпын наадам эхлэхээс өмнө Монголын багийн ёслолын хувцас Милан хотод болсон шилдэг 15 орны загварын шоунд оролцож байв. Мөн гүйлтийн цанын тамирчид олимпын буухиаг үргэлжлүүлсэн бол уулын цанын төрлөөр анх удаа олимпод уралдсан түүхэн амжилт Италид бичигдсэн.
“Онцгойрч үлдэх олимп” номонд Монголын үндэсний брэнд болох "Гоёл кашмер"-ийн урласан ёслолын хувцасны тухай дэлгэрэнгүй өгүүлж, олимпын эргэн тойрон дахь сурвалжлагыг багтаасан байна. Мөн анх удаа олимпын наадмын түүхэнд хоккейн алтан медалийн шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан гээд Миланд үлдсэн торгон агшинг энэ номоос үзэх боломжтой.
Өвөл, зуны олимпын наадамд дөрвөн удаа ажилласан гэрэл зурагчин Д.Нямбилэгийн зургаа дахь бие даасан ном “Онцгойрч үлдэх олимп”-иор үргэлжилж байгаа нь онцлог болжээ.

