Украины дрон Оросын баруун хойд хэсэгт орших Киришийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөний улмаас үйлдвэрт гал гарчээ. 

Киришийн энэхүү үйлдвэр нь Оросдоо хамгийн том гэгдэх гурван үйлдвэрийн нэг бөгөөд жилд 17.7 сая тонн буюу өдөрт 355 мянган баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай аж.

Украины зүгээс сүүлийн хэдэн долоо хоногт Оросын газрын тосны дэд бүтцийг онилон довтолж буй бол Орос Украины төв рүү цохилт өгч, нийслэл Киевийн иргэний байгууламжууд руу дрон, пуужингаар харваж байна. 

Талуудын хоорондын хэлэлцээр царцаж, харилцан довтолгоо өрнөсөөр байгаа энэ үед Оросын дрон НАТО-гийн гишүүн хоёр орны агаарын хил зөрчсөн нь ч олон улсын ажиглагчдын анхаарлыг татаад байгаа юм.