
Азийн олимпын зөвлөлөөс “Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмыг 16 хоногийн турш зохион байгуулж, тивийн шилдгүүдийг тодрууллаа. 45 үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
“Imagine One Asia” уриан дор болсон наадамд Монгол Улсаас 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 улс орны баг тамирчдаас 27 дугаар байрт жагслаа. Энэ нь өмнөх “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадмын амжилттай харьцуулахад тааруулах үзүүлэлт боллоо.
Монголчуудын үндсэн төрөл болох чөлөөт, жүдо бөх, бокс, дугуйн төрлүүд үүргээ гүйцэтгэсэн ч бусад төрлийн хөгжлийн түвшин хэрхэн байгааг энэ наадмаар харагдсан юм.

Алт, мөнгөн медалийн буухиаг жүдогийн баг тамирчид үргэлжүүлэв
Азийн наадмын эхний 12 хоногт Монгол Улсын баг дугуйн төрлөөр ганцхан хүрэл медальтай байв. “Ханжоу-2022” Азийн наадамд медалийн буухиаг эхлүүлж, улмаар “Парис-2024” зуны олимпын наадмын эрхээ авч байсан С.Жамбалжамц мөн л энэ наадмын эхний хүрэл медалийг хүртсэн. Түүний хувьд бөөн гараатай уралдаанд дөрөвдүгээр байранд орж, хос медальтан буцахад ойрхон байлаа. Энэ амжилтын араас удаан хүлээсэн алт, мөнгөн медалийг жүдогийн баг тамирчид хүртэж, Монгол Улс 40-р байраас 25-р байрт бичигдэж эхэлсэн юм.
Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк аваргын алтан медалийг хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Түүний араас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 19 настай Т.Ариунзаяа мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүлж, монголчууд иж бүрэн медальтай болсон юм. Азийн наадмын 12 дахь өдөр хүртэл алт, мөнгөн медальгүй байсан багийн амжилт ингэж сэргэлээ. Эдгээр жүдочдын араас Б.Гончигсүрэн, Л.Энхрийлэн, Г.Наранцэцэг, У.Анужин, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртсэн юм.
Монголын жүдочид Япон, Узбекистан, БНСУ-ын ард дөрөвдүгээр байрт жагслаа. Наадмыг зохион байгуулагч Японы жүдочид 9 алт, 1 мөнгө, 14 хүрэл медальтайгаар итгэл төгс тэргүүлсэн юм. 11 орны жүдочид Азийн наадмаас медальтай буцсаны дотор Бахрайн, Ливан улсын баг нэг хүрэл медалийг хүртжээ.

Чөлөөтийн бөхчүүд хүрэл дээр буусан ч сонгомолоор онцгой амжилт гаргалаа
Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг сүүлийн хоёр ч Азийн наадамд аваргын алтан медальтай ирж байв. “Жакарта 2018” наадмаас Э.Бэхбаяр, “Ханжоу 2022” наадмаас Т.Тулга нар жиндээ түрүүлж, улмаар олимпын наадамд зодоглосон түүхтэй.
Тэгвэл “Айчи Нагоя”-д бүтэн багаараа очсон чөлөөт бөхийн шигшээ багаас хүрэл медалийн тавцанд Б.Отгонтуяа, Т.Алтжин, О.Сүлдхүү нар зогслоо. Энэ амжилтаараа Монголын баг 10-р байр жагссан юм. Япон, Иран, Энэтхэг, Узбекистан, БНХАУ, Кыргизстан улсын баг аваргын алтан медалийн амжилтаараа эхний зургаад бичигдсэн бол Хойд Солонгосын баг таван мөнгөн медальтайгаар 7-р байрт орлоо. Манай багийн ард Бахрайн, Ирак, Катар, БНСУ-ын баг нэг хүрэл медаль авсан амжилтаар 11-14-р байрт бичигдсэн байна.
Хэдийгээр чөлөөт бөхийн тамирчдаас финалд өрсөлдөх бөх гараагүй ч сонгомол бөхийн төрлөөр түүхэн ялалт бичсэн нь энэ наадмын онцлох мэдээлэл байв.
Сонгомол бөхийн 97 кг-д барилдсан Г.Ганхуяг Туркменистаны бөх А.Агамамммедоваг 9:5-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрээр 52 жилийн дараах медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тодруулбал, Монгол Улсын баг 1974 онд Иранд болсон VII Азийн наадамд сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ амжилтыг 52 жилийн дараа Г.Ганхуяг үргэлжлүүлж, нэгэн онцгой амжилтыг Нагоя хотын дэвжээнд бичлээ.

Жюү жицүгийн төрөлд сүүлийн боломжийг Б.Наранхишиг ашиглаж чадлаа
Наадмын сүүлийн өдрүүдэд бөхийн төрлүүд явагдсан учраас Монголын багийн амжилт эрс нэмэгдсэн. Жүдо, чөлөөт бөхийн төрлүүдэд алт, мөнгө, хүрэл медалийг үргэлжлүүлэх үеэр жюү жицүгийн бөхчүүд ч гол анхаарлын төвд байв. 10 гаруй тамирчинтай очсон жюү жицүгийн багаас медалийн төлөө өрсөлдөх олон тамирчин гарсан ч ялагдал хүлээсэн өдрүүдэд олон гарлаа.
Харин эмэгтэйчүүдийн -63 кг жинд өрсөлдсөн Б.Наранхишиг хүрэл медаль хүртэж, удаан хүлээсэн ялалтыг багтаа авчирсан юм. Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг орны тамирчдыг ялж, Азийн наадмын медалийн тавцанд зогссон Б.Наранчимэг МУБИС-ийн БТС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан тамирчин аж.
Монголын жюү жицүчид “Жакарта-2018”, “Ханжоу-2022”, “Айчи-Нагоя-2026” Азийн наадамд дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Сингапур, Тажикистан, Йордан, Мьянмар, Макао, Кыргизстаны ард Монголын баг жагслаа
Талбайн теннис, байт харваа зэрэг төрлүүдэд олимпын эрх олгогдсон Азийн наадмын өрсөлдөөн эхлэхээсээ дуустал шинэ шинэ рекордууд олон бичигдсэнээрээ онцлог байв. Мөн хоёрхон жилийн дараа болох олимпын наадмын өмнөх том сорилтыг шар тивийнхэн хийж, залуу тамирчид, шинэ аваргуудыг нээсэн наадам байлаа.
“Айчи-Нагоя-2026” наадмыг БНХАУ-ын баг 169 алт, 89 мөнгө, 83 хүрэл, нийт 341 медальтайгаар тэргүүлсэн бол зохион байгуулагч Японы баг 83 алт, 95 мөнгө, 91 хүрэл медальтайгаар удаалсан. БНСУ-ын баг 39 алтан медальтайгаар гуравт жагссан бол Энэтхэг, Узбекистан, Иран, Тайланд, Казахстан, Хонконг, Бахрайний баг 10-с дээш алтан медальтайгаар эхний 10-т багтлаа.
Монгол Улсын баг Сингапур, Тажикистан, Йордан, Мьянмар, Макао, Кыргизстаны ард 27-р байрт жагсаж, Шри-Ланк, Пакистан, Иракын багийг ардаа хийсэн юм.
Өмнөх хоёр ч наадамд гурваас дээш алтан медаль хүртэж жагсаалтын 17-р байрт бичигдэж байсан Монгол Улсын баг даруй 10 байраар ухарсан амжилтыг үзүүлэв. Хоёрхон жилийн дараа болох “Лос-Анжелес 2028” зуны олимпын наадмын өмнөх сорилт монголчуудад олон олон сануулгыг энэ наадмаар өглөө.
