
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор амжилттай болж өнгөрлөө.
Хоёр 7 хоногийн турш үргэлжилсэн уг бага хурлын үеэр Талууд цөлжилт, газрын доройтол, өсөн нэмэгдэж буй гангийн сорилтыг даван туулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
COP17-ын хэлэлцээний үр дүнд Талууд олон асуудлаарх байр сууриа ойртуулж, Конвенцын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тогтоол, шийдвэрүүдийг баталлаа. Тухайлбал, Конвенцын Ирээдүйн стратегийн хүрээний талаарх Засгийн газар хоорондын ажлын хэсгийн төгсгөлийн тайлан, гангийн асуудлаарх бодлогын хүрээ, Конвенцын 2030 оноос хойших стратегийн хүрээг боловсруулах үйл явцыг үргэлжлүүлэх, Талуудын бага хурал болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлаар шийдвэр гаргав.
Түүнчлэн COP17-ыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлсэн тогтоолыг Бүгд хуралдаанаас баталлаа.
"Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч өнөөгийн санхүүжилт 77 тэрбум ам.долларын түвшинд байна. Энэ удаагийн хурлын үеэр дэлхийн хэмжээнд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 16 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт, санаачилга яригдлаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад
Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна.
Талуудын 17 дугаар бага хурлын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Монгол Улс хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд тулгуурласан уур амьсгалд явуулах, бодит үр дүнд хүрэхийн тулд Талуудын байр суурийг харилцан ойртуулахыг зорин ажиллалаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон бэлчээр нутгийн олон улсын жилийн хүрээнд Монгол Улс бэлчээр нутаг нь хүнс, байгаль орчин, эдийн засаг, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргааг холбосон стратегийн чухал экосистем болохыг дэлхий нийтэд харууллаа.
Монгол Улсын хувьд ногоон төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон санхүүжилтийн амлалтын нийт дүн 1.48 тэрбум гаруй ам.долларт хүрлээ. Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая евро, Дэлхийн банкны 100 сая ам.доллар, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн 130 сая ам.доллар, Монголын ногоон санхүүгийн корпораци болон "ХаанБанк"-ны 50 сая ам.долларын хэлцэл багтаж байна.
Мөн ойн түншлэл, сэргээгдэх эрчим хүч, үер усны далангийн байгууламж, нийтийн тээвэр, ногоон хөгжлийн чиглэлээр 400 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээрийг НЗДТ амжилттай хийгээд байна.
Түүнчлэн үүнээс гадна Монгол Улс 863 МВт-ын Хиймэл оюун ухаанд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах хөрөнгө оруулалтыг гэрээг 10 гаруй аж ахуй нэгжүүдтэй байгууллаа. Энэ нь COP17 хурлын уур амьсгал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан ногоон дижитал эдийн засгийн шинэ боломжийг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой төсөл юм.