
Цагаан сарын дараа монгол хүн бүр энх цагтай золголоо гэлцдэг. үнэгэн лоовуузын сор хүртэл жавхаажиж, өөдрөг сэтгэлээр жаврын хүйтнийг өлчиржиж давсан түмэн урин цагийн эхэнд ийм бодол тээх нь гарцаагүй биз ээ.
Нүүдэлчид цасан дайдыг нэгэн ижил сэтгэлээр туулж, адил замаар алхаж давдагт эргэлздэггүй билээ. Өвлийн урт саруудад яхир хүйтэн жавар гуядаж, өнөд үргэлжлэх мэт үүлс улам улмаа хүнд болохуйд амьдралын түмэн асуудал бодол ээрнэ. Харин нэг л өдөр хаврын тэргүүн сартай золгож, цагаан идээгээр тавгаа дүүргэж, өнгийн цэнхэр хадаг хоёр гар дээрээ тунаруулсаар ирээдүй цагийн энх тунхыг заан цохилох цагийн зүүтэй билиг дүүрэн ерөөлөөр золгоно.
Сэтгэл судлалын салбарт “collective effervescence” хэмээх ойлголт бий. Энэ нь нийгмийн хамарсан томоохон баярт үйл явдал хүмүүст эерэг сэтгэл хөдлөлийг үүтгэж, нэгдмэл орчныг үүсгэсэн байх бөгөөд тухайн зүйлээс мэдэрсэн мэдрэмж тодорхой хугацаанд үргэлжилдэг гэх санаа юм.
Цагаан сар бол монголчуудын уламжлалт, өв соёл, зан заншлын хадгалсан баяр болохоос гадна хүмүүсийн харилцаанд “засвар” хийдэг. Хэн, хэндээ гомдож, хорссон үг хэлснээр жил тойрон уулзаагүй ах дүүс ч баярын эл өдөр нэг л ширээний ард нүүр тулж уулздаг. Уучлал гуйж, ерөөл хэлж цаашид ч амьдралын урт замын аль нэгтээ дахин уулзана гэдгээ ойлгоно. Бие биенийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, тэрхүү бусдад хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж тухайн хүнд дотоод тайвширалыг авчирдаг.
Судалгаагаар эл амар амгаланг дотооддоо мэдэрсэн хүний бухимдлын даавар болох кортизолын түвшин буурч, харин итгэлцэл, ойр дотно мэдрэмжтэй холбоотой окситоцин нь өсдөг болох нь тогтоогдсон. Тиймээс цагаан сар болсны дараа тодорхой хугацаанд монголчууд ирээдүйн талаарх гэрэлтэй бодлоосоо үл хагацаж, хоорондоо эв эеийг эрхэмлэж, уучлалын зайгаа томсгодог. Тэр л цаг үеийн гэрэл гэгээг хүн бүр алга дээрээ дэвсэх нь угтаа бидний эртнээс өвлөсөн нандин чанарын нэг юм.
Цагаан сар бол бидний соёлын “ресет” товч. Хуучныг үдэж, шинийг угтах бэлгэдэл. Гэвч жинхэнэ шинэчлэл нь цаг тооллын бичиг дэх хуудсаар бус бидний хандлагаас хамаарна. Тэгээд ч ирээдүй гэдэг алс холын хийсвэр ойлголт биш. Угтаа бол маргаашийн л хандлага төдий зүйл шүү дээ. Өдгөө бид ямар мэдээллийг илүүтэй хүртэж, юу уншиж, юунд хариу үйлдэл үзүүлж, хэнд талархаж, хэнийг уучилж байгаагаас л маргаашийн, ирж буй энх цагийн өнгө хамаарна. Цагаан сарын дараа үлдсэн монгол хүний нандин гэгээ бол тэрхүү хандлагын дүр төрх. Угтаа хүн бүрийн дотор бий агаад нийгмийн хамарсан баярт үйл явдлаар тэтгэгдэж сэрсэн гэгээ юм.
Гэвч харанхуйд дасах амархан. Угтаа бол тэмдэглэлт баяр гэдэг нь бүтэц, зохион байгуулалт, бэлгэдэлтэй орчин. Харин өдөр тутмын амьдрал бол задгай, хяналт багатай, орчин үед мэдээллийн хэт ачаалалтай орчин болж хувирсан. Баярын үеэр бид зориуд сайхан үгс нэгэндээ хэлдэг аваас харин жирийн үеүдэд ёс мэт шүүмжилдэг. Энэ бол соёлын урвуу хэлбэртэй зүй ёсны парадокс.
Эргээд л цахим орчинд дахин хар бараан мэдээ, бухимдал, улс төрийн талцал, осол аваар, хүчирхийллийн мэдээлэл давамгайлж эхлэхэд урьдын бараан аж төрөхүй тосно. Хүний тархи “negativity bias” буюу сөрөг мэдээлэлд илүү хүчтэй, хурдан хариу үзүүлэх хандлагатай. Угтаа бидний анхаарал аюул руу түрүүлж чиглэдэг нь амьд үлдэх инстинкттэй холбоотой болов уу. Гэвч өдгөө бид дайн самуун бус энх цагийн эхэнд зогсож байна. Цагаан сарын дараа энэ сөрөг давалгаа сул байдаг. Өөрөөр хэлбэл, хүн хүнтэйгээ нүүр тулж уулзсан үйл явдал, халуун дулаан үг, баяр хөөрийг хадгалсан дурсамж нийгмийн итгэлийг сэргээдэг. Нийгмийн итгэл бол хөгжил дэвшлийн хамгийн чимээгүй, хамгийн чухал хүчин зүйл.
Бидэнд өдгөө ч гэрэл, цахилгаан, дэд бүтцийн асуудлууд байгаа. Асуудлыг дагаад боломж ч гарч ирнэ. Тэдгээр боломжууд гэрлээ анивалзуулан зогссоор байгаа учраас бид урагшлах, хөгжих цаг ирнэ гэсэн үг. Тийм найдварын очийг хадгалах хүсэл хэн бүхний дотор бий.
XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жил гарлаа. Хэн бүхэн төрийн сүлдэндээ залж, морин эрдэнэ хэмээн нэрлэсэн жил гарч буйг бэлгэшээн цагаа сарын баяраа тэмдэглэн өнгөрөөв. Утаатай тэнгэр, умрын шувууд айлсах болоогүй уйтгартай өдрүүдийг үргээж айл бүр хаалгаа цэлийтэл нээх шиг тийм энх цагтай золгов. Харин аливаа нэг баярын хойно амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, урьдын тулгарсан асуудлууд өмнөхөөсөө ч илүү ярвигтай болчихсон санагдах нь бий. Гэтэл цагаан сарын баяр бол тийм биш. Буузны үнэр сарниж, бэлгийн тор дундарсан ч монголчууд энх цагийн эхэнд алхаж яваагаа сэрдэг. Санаж, сэрсэн энэ л ухаарал, өөртөө удаан хадгалахыг эрмэлзсэн тэр л сэтгэлзүйн амар амгалангаас тэд яаран хагацахыг үл хүснэ. Энх цагийн эхэнд бид одоо ажил үйлсээ эмхэлж, урьдын дутуугаа гүйцээж, санаж сэдсэнээ үргэлжлүүлэн бүтээх гэж зогсоно. Аливаа жил дүүлэн одоход хүн өнгөрснөө дүгнэн цэгнэдэг. Улс орон ч ялгаагүй тийм амьд чанартай.
Бид алдаа оноо, сорилт, онцлох үйл явдлаар дүүрэн тийм л жилийг үдлээ. Ирж байгаа гал морин жил ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлийг намирсан дэлэндээ салхитай хамт тээгээд ирсэн шиг бүгдэд санагдаа болов уу гэмээр догдлол төрнө.
Нийгмийн сэтгэлзүй өөрчлөлтийг хүсэн тэмүүлж, түүндээ итгэл төгс байгаа нь мэдрэгдэнэ. Хамгийн чухал нь хий хөөрсөн догдлолын салхийг цээжиндээ хураалгүй аливааг зөвтэй буруутай, саартай муутай нь хамтатган дэнсэлж, илүүтэй бодож тунгаах цаг бол энэ. Уг бодлоос харин туурайн төвөргөөнтэй хамт сайхан бүхэн Монголд хуран үүдээд цогцолж байвал л хэтийн заяа тэр ээ.