
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн баатар цолоор "Монполимент" группийг үүсгэн байгуулагч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав, "ТЭСО" группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Дамжин нарыг шагнав.
Ардын эмч цолоор ЭХЭМҮТ-ийн мэс заслын зөвлөх эмч, төрийн шагналт, хүний гавьяат эмч Д.Авирмэд, ардын жүжигчин цолоор ХТҮЦ продакшны жүжигчин, найруулагч, гавьяат жүжигчин И.Одончимэг нарыг шагнасан юм.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ш.Чадраабал, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, доктор, профессор Ч.Чимэдрагчаа нарыг шагналаа.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, доктор, Монгол Улсын зөвлөх инженер А.Кариваа, гавьяат эдийн засагч цолоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Л.Цэцэгсайхан нарыг шагнав.
Гавьяат жүжигчин цолоор УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, чөлөөт уран бүтээлч, дуучин Д.Бурмаа, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт нарыг шагнасан юм.



Хүний гавьяат эмч цолоор эх барих эмэгтэйчүүдийн их эмч Т.Баатарцогт, Хоёрдугаар эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, доктор, дэд профессор Т.Цэндсүрэн нарыг шагнав.
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор "Орхон тариа" ХХК-ийн захирал Л.Отгонбат, гавьяат тээвэрчин цолоор "Шандас транс" ХХК-ийн жолооч И.Зоригтбаатар, гавьяат уурхайчин цолоор "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Сүхбаатар, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор мастер үсчин, дэлхийн шүүгч, үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Д.Одхүү нарыг шагналаа.
Гавьяат тамирчин цолоор "Алтан барс" клубийн дасгалжуулагч Б.Ганхуяг, "Хасын хүлгүүд" багийн тамирчин, ОУХМ О.Сэргэлэн нарыг шагнасан юм.
