
Хөрш орны хэлийг ихээр сурч, хэрэглэснээс болж эх хэл аажмаар алга болох тохиолдол олон. Ингэж хөршийн хэл соёлын давамгай байдлаас үүдэн устсан хэлний ойрын, тод жишээ нь Манж хэл. Мандарин хятад давамгайлснаар бараг устсан. Мандарин хятад гэдэг нь дан ганц аялга биш, харин хэл шинжлэлийн хувьд томоохон хэлний бүлэг юм. Харин аялга уу, хэл үү гэдэг дээр будилаантай байдаг бөгөөд улс төр, соёлын үүднээс БНХАУ-д бүгдийг нь dialect буюу аялга гэдэг. Аялга хэмээн нэрлэж буй нь үнэндээ тус улсын нэг улс, нэг хэл гэсэн ойлголттой шууд холбоотой. Хэл шинжлэлийн үүднээс мандарин, кантон, ву хятадыг өөр өөр хэл гэж үздэг нь эдгээр хэлээр яригсад бие биеэ бүрэн ойлгодоггүй, дүрэм, дуудлагын их ялгаатайд оршино. Гэсэн ч том гүрний хувьд олон үндэстэн, ястнаас бүрдсэн хүмүүсийг эвээр нэгтгэхээс илүү хатуу бодлогын хүчээр нэгтгэх нь илүү хялбар арга биз.
Хятадын удирдлага 2020 оны 8 дугаар сард Өвөр Монголын сургуулиудад хэрэглэдэг хэл бичгийн сурах бичгүүдийг үндэсний хэмжээнд хэрэглэдэг хятад хэлний сурах бичгээр сольж монгол хэлний сургалтаас хятад хэлний сургалтад аажмаар бүрэн шилжүүлсэн. Тэгвэл энэ сараас БНХАУ-ын Ардын Их хурлаар “үндэстний эв нэгдлийг дэмжих” зорилготой хэмээн тайлбарласан өргөн хүрээтэй шинэ хууль батлав. Уг хуулийн дагуу тус улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 56 үндэстний хоорондын интеграцийг боловсрол зэрэг хэд хэдэн тэргүүлэх салбарын бодлогоор дамжуулан дэмжих гэнэ. Гэвч шүүмжлэгчид энэ хууль нь үндэстний цөөнхийн эрхийг улам дордуулах алхам болно гэж үзэж байна. Шинэ хуулиар бүх хүүхдийг цэцэрлэгт орохоос өмнө эхлэн ахлах сургууль төгстөл мандарин хэлээр сургах ёстой гэж заасан байна. Өмнө нь сурагчид хичээлийн ихэнх хэсгийг өөрийн төрөлх хэл дээр, жишээлбэл төвд, уйгур, монгол хэлээ сурах боломжтой байсан ч энэ байдал одоо бүрэн хаагдсан гэсэн үг.
Корнеллийн Их сургуулийн антропологийн дэд профессор Магнус Фискежё “Энэ хууль 1949 оноос хойш албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ирсэн үндэстний олон янз байдлыг дарах бодлогын сүүлийн үеийн эрс өөрчлөлттэй нийцэж байгаа. Дараагийн үеийн хүүхдүүдийг өөрийн хэл, соёлоо мартахыг шахаж, уг үндсээс нь тусгаарлаж байна” гэж тодорхойлжээ.
Хятадын засгийн газар 2000-аад оны сүүл үеэс цөөнх үндэстнүүдийг “хятаджуулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь үндэстнүүдийг Хан соёлд уусгах замаар илүү нэгдсэн үндэсний үнэмлэхүй байдлыг бий болгох зорилготой гэж тайлбарлагддаг. Хан үндэстэн нь 1.4 тэрбум хүн амтай Хятадын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Шүүмжлэгчид эдгээр бүсэд соёлын уусгалтыг албадлагын шинжтэй явагддаг гэж үздэг.
Сингапурын Үндэсний Их сургуулийн профессор Иан Чонг “Хятад улс хөгжил, эдийн засгийн дэвшлийг онцолж байгаа нь цөөнхийн хэл соёлыг хоцрогдсон зүйл мэтээр ойлгуулж байна” гэжээ. Түүний хэлснээр Ши Жиньпиний үзэл баримтлал нь Хан үндэстнийг төв болгосон хүчирхэг Хятад үндэстэн байгуулах зорилготой бөгөөд бусад үндэстнийг тэр үндсэн цөмөөс салбарласан хэсэг мэтээр хардаг.
Тэгвэл үүнтэй маш төстэй зүйл бидэнд тун ойрхон иржээ.
Өнгөрсөн сард Монгол, Оросын парламентын гишүүдийн төлөөлөл Москва хотноо хуралдсан. Энэ онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. тус хурлаар олон асуудал хөндөгдөж, хоёр талаас харилцан санал солилцсон ч хамгийн сонирхолтой хийгээд аюултай санагдсан нь ОХУ-ын боловсролын салбарын төлөөллийн тавьсан “Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал” гэсэн санал байв.
Оросын Холбооны Улсын боловсролын салбарын төлөөлөл: Бид Монгол руу 300 сурах бичиг илгээсэн. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал. Одоо ОХУ-д 620 монгол оюутан сурч байна. Плехановын нэрэмжит сургуулийг шинэчилнэ. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлнэ үү. Дэлхийн 60 орчим улсад орос хэлний төв бий. Бид орос хэлний багш нараа хилийн чанад руу илгээж байна.
Оросууд монголчууд бидэнтэй харилцахдаа дипломат байдалтай байгаа мэт боловч илтэд басамжилсан, дорд үзсэн, бүдүүлэг, хоцрогдсон мэтээр хандаж буйгаа үе үе илэрхийлчихдэг. Орос хэлийг заавал үзэх хичээл болгохыг чухалчлан санал гаргасан нь ч ийм л утгатай. Тэд биднийг өөрсдийн нэг хэсэг, гэхдээ нэн ядуу, дорой, харанхуй бүдүүлэг хэсэг гэсэн байдлаар хандаж, соён гэгээрүүлэхийн тулд “үндсэн хэл”-ээ сурахыг зөөлөн аргаар тулгаж буй нь энэ бололтой.
Хэлний амин сүнс нь тухайн улсын соёл, түүхтэй холбоотой бүх мэдээллийг агуулж байдагт оршино. Хэл бүр өөр өөр сэтгэлгээ, ертөнцийг харах өнцгийг ч агуулдаг. Хэл харьших, хөрш болон давамгай хэлний нөлөөнд хэт орох нь устах аюул дагуулдаг. Энэ аюулыг илтгэх нэг жишээ нь буриад хэл. Өмнө нь монгол бичиг хэрэглэж байсан оросын гэх буриадууд одоо кирилл бичиг хэрэглэх болсон нь Оросын нөлөө. Буриад хэл устах эрсдэлтэй хэлний ангилалд орсон нь буриадуудын яриа болон бичгийн хэлэнд орос хэл давамгайлж, буриад залуус өдөр тутамдаа орос хэлээр түлхүү ярьж, тус улсын боловсрол, мэдлэг бүгд орос хэл дээр явагдаж буйтай холбоотой. UNESCO буриад хэлийг endangered буюу эмзэг хэлний ангилалд оруулсан байдаг.
Дэлхий даяар монгол хэлээр ярьдаг 10 сая гаруй хүн бий гэсэн албан бус тоо бий. Үүнээс Монгол улсад маань 3 сая 300 гаруй мянган хүн, БНХАУ-д 7 сая гаруй, ОХУ-д 647 гаруй хүн монгол хэлээр ярьдаг байна. харамсалтай нь урд, хойд хөршид буй монгол хэлээр ярьдаг хүмүүсийн тоо тухайн улсын төрийн бодлогод шахагдан жилээс жилд цөөрч, устах аюулд ойртсон нь эх хэлээ хамгаалж, хадгалах үүрэг бидэнд үлдсэнийг хатуу сануулж байгаа гэхэд болно.
Монголынхоо түүх, соёлоо хадгалж үлдье гэвэл хэний ч сүрдүүлэг, заналхийлэл, зөөлөн аргаар зөвлөн дэмжиж буй мэт харагдах “зөвлөгөө, санал”-д үл автах явдал билээ.