
Азийн элсний VI наадам БНХАУ-ын Саньяа аралд ес хоногийн турш 14 спортын төрөлд 45 орны баг тамирчид өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Монголын баг тамирчид уг тэмцээнд 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөж, 3 хүрэл, 1 мөнгөн медальтайгаар 19 дүгээр байрт шалгарав.
Харин зохион байгуулагч Хятадын баг 24 алт, 17 мөнгө, 13 хүрэл, нийт 54 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Тайланд, Иран улс удаалсан юм. Мөн тус наадамд оролцсон 45 орноос 14 нь алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 31 улс ямар нэгэн байдлаар медаль хүртжээ.
Өнөөдөр тус наадмын хаалтын үйл ажиллагаа болж, Монголын багийн тугчаар элсний бөхийн 90 кг-д хүрэл медаль хүртсэн, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Төрболд жагсав.