УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох суудлыг хэлэлцлээ. Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганболдыг томилох саналыг Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон ч УИХ-ын гишүүн Л.Болд Ж.Батзанданг томилох санал дэвшүүлсэн юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хүний эрхийн дэд хорооны даргаар томилох болохоор ирцээ бүрдүүлээд хүрээд ирдэг. Гэтэл хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх гэхээр Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороод ч гэсэн анхаарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дандаа ингэж амьдрах уу. Ялангуяа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо тодорхой судалгаа, сонсгол хийх шаардлагатай байна. Хэн нь ч Хүний эрхийн дэд хорооны дарга болсон энэ асуудалд онцгой анхаарах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Үүний дараа санал хураалт явуулсан ч хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадсангүй. Тиймээс байнгын хорооны дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр боллоо.