Турк улсын Анталья хотод болж буй буй даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн тоглолт өнөөдөр/2025.10.31/ өндөрлөлөө. Долоо хоногийн турш болсон тэмцээнд Монгол Улсын баг хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр 20 орны урд бичигдлээ. Монголын өсвөрийн даамчид багийн дүнгээр дөрөв дэх жилдээ дэлхийд тэргүүлэв.

Тэмцээний үндсэн төрөл есөн өргийн дараа дүнгээ гаргахад охидын 9-10 насанд Б.Эрмүүнзаяа /Архангай/, хөвгүүдийн 9-10 насанд Э.Арвин-Эрдэнэ /БЗД/ нар дэлхийн аварга боллоо. Мөн охидын 6-8 насанд М.Амин-Эрдэнэ /СХД/, 9-10 насанд Н.Дэлгэржаргал /БЗД/, 11-13 насанд Ч.Гоомарал /ЧД/, хөвгүүдийн 6-8 насанд З.Чинтөгс /СБД/, 9-10 насанд Д.Дамдинпүрэв /ЧД/ нар мөнгөн медаль хүртлээ. Харин хөвгүүдийн 6-8 насанд Д.Отгонбаяр /СХД/, охидын 14-16 насанд З.Отгонсүрэн нар хүрэл медаль хүртэж дэлхийн дэвжээнд амжилтаа шинээр бичлээ.

Өнөөдөр тэмцээний түргэвчилсэн тоглолт буюу рапид төрлийн тэмцээн болно.

Ташрамд дуулгахад, Дэлхийн даамын холбооны 41 дэх удаагийн Ерөнхий Ассемблейн Их хуралд 42 орны төлөөлөгчид оролцжээ. Уг хуралд Азийн даамын холбоо(ADC)-г төлөөлж Ч.Бат-Эрдэнэ, Монголын даамын холбоо (MDF)-г төлөөлж Ц.Эрдэмбилэг нар оролцов. Энэ үеэр 2025-2029 онд Дэлхийн даамын холбоо (FMJD)-г удирдан авч явах баг бүрэлдэхүүнийг сонгосон байна.