УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газарт албан бичиг илгээлээ. Уг бичигт дурдснаас үзэхэд УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи импортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн" хэмээн Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судлагааны төв ТББ-аас ирүүлсэн албан бичгийг судлаж үзээд холбогдох тогтоол өөрчлөлт оруулах саналаа УИХ-аар оруулж, шийдвэрлүүлэхийг хүсчээ.

Сануулахад, ОУВС-ийн “шахалтаар татвар нэмэхээс аргагүйд” хүрсэн гэх нэрийн дор Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тамхины импортын татварыг нэмсэн. Ингэхдээ өөрийн танхимын гишүүн Ц.Дашдоржийн өмчлөлийн компанид давуу эрх олгох байдлаар, илт ялгаварлал үүсгэж татварын хувь хэмжээг тогтоосон юм. Янжуур үйлдвэрлэх зориулалтай тамхины импортын татварыг 5 хувьд нь үлдээж, бусад импортлогчдын татварыг 30 хувь буюу 6 дахин өсгөж тогтоосон билээ. Энэ нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалт бий. Ц.Дашдорж Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллаж байх хугацаанд УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь өөртөө татварын ийм хөнгөлөлт олгосноор жилд 20  орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байдаг.

Мөн Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл –Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг энэ тогтоол ноцтойгоор зөрчсөн. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах, гэсэн хоёр заалтыг 27 дугаар тогтоол шууд зөрчсөн билээ.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь өөртөө татварын ийм хөнгөлөлт олгосноор жилд 20  орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх танхимын алдааг залруулж, шударга ёсыг сэргээхийн зэрэгцээ төсөвт жил бүр 20 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оруулах боломжийн хүү бүрдэлдэж байна.