
187 гишүүн оронтой, төв нь Унгарын нийслэл Будапешт хотноо байрладаг Хүндийн өргөлтийн олон улсын холбоо тус спортоор тэргүүлдэг ОХУ, Турк, БНХАУ, Казахстан, Азербайжан, Армени, Украин, Беларусь, Молдав зэрэг орныг нэг жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан билээ. Дээр нь хагас сая ам.долларын торгуулиа төлж чадаагүй Болгарын шигшээ баг ч энэхүү хар дансанд багтаж байгаа юм. ОУОХ (Олон улсын олимпийн хороо) "Бээжин-2008", "Лондон-2012" зуны олимпийн наадмын допингийн шинжилгээний дүнг үндэслэн хүндийн өргөлтийн спортод манлайлагч орнуудын тамирчдыг ийнхүү шийтгэсэн аж.
Унгарын Т.Аяны тэргүүлсэн Хүндийн өргөлтийн олон улсын холбоо Олон улсын олимпийн хорооны тус шийдвэрийг дагахгүй бол 2024 оноос тус спортын төрлийг олимпийн наадмаас хасах асуудал хүртэл яригдах байжээ. Иймээс ч арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 3-нд АНУ-д болох ээлжит ДАШТ-д дээр дурдсан орнуудын тамирчид оролцохгүй нь тодорхой.
Товчдоо бол, монголчууд "Хоёр Мөнх"-гүй наадмыг ямар наадам гэх юм гэдэг байсантай адил юм болж байна. Мэдээж энэ нь бусад орнуудын тамирчдад маш их боломж олгож буй. Манай орны хувьд ч ялгаагүй.
Монголын олимп, дэлхийгээс медаль авах боломжтой гэгддэг Топ-5 спортын төрөлд багтдаггүйн улмаас үргэлж “шоовдорлогдож” ирсэн хүндийн өргөлтийн төрөлд М.Анхцэцэг гэдэг бүсгүйн ачаар олон түмний анхаарлыг татаж эхлээд нэлээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр, Хүндийн өргөлтийн олон улсын холбооны дээрх шийдвэр нөгөө талаас манай улсын баг тамирчдад ашигтай.
Юу гэхээр, тус спортын тамирчид олимпийн наадамд оролцох эрхээ жүдотой адил дэлхийн томоохон тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаараа тодорхой оноо цуглуулан авдаг аж.
Гэхдээ, 75 кг-ын жинд туйван өргөдөг М.Анхцэцэгийн маань амжилтад дээрх шийдвэр төдийлөн нөлөөлөхгүй. Түүний дасгалжуулагч Ц.Хосбаярын хэлснээр, тус жинд тэмцээнд оролцох эрхгүй орнууд бус БНАСАУ, Колумб, Египет, Испанийн тамирчид ноёрхдог ажээ. Тэд бүгд олимп, дэлхийн аваргууд. Харин бусад жингийн манай тамирчдын хувьд үүнийг алтан боломж гэхээс өөрөөр юу гэж тодорхойлж болох билээ.
Иймд манай улс үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар шийдэх шуурхай арга хэмжээ авах ёстой нь хэнд ч илэрхий зүйл. Үүнд юу саад болж байна вэ? Өнөөх л улиг болсон мөнгө санхүүгийн асуудал. Монголын хүндийн өргөлтийн холбоонд улсаас тогтоосон жилийн төсөв 149 сая төгрөг аж. Гэтэл төсвийн тодотголоор энэ дүнгээс 35 сая төгрөгийг танаснаар үлдсэн мөнгө нь тамирчдаа өсвөр, залуучуудын ДАШТ, Азийн АШТ-д оролцуулахад зарцуулагдсан байна. Үүнээс үлдсэн мөнгөөр нь хоёр гуравхан тамирчнаа ДАШТ-д сойх ажээ. Харин олимпийн оноо цуглуулахад маш чухал дэлхийн цомын тэмцээнд оролцоход хүрэлцэхгүй юм байна. Үүнийг манай орны удирдлага анхааралдаа авч гарсан боломжийг ашиглан туйванчиддаа боломж олгон хөрөнгө мөнгөөр дэмжмээр л байгаа юм даа...