Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ “Ц.Нямдорж хоёр Анхбаяртай холбоотой байгаа. Нэг нь хүү нь. Нөгөө нь монголчуудын ярьдгаар хуурай дүү С.Анхбаяр нь. Энэ хоёртой холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрахаар манайх саналаа тавиад гурван сар болж байна.

Ц.Нямдоржийн хуурай дүү, Дөрөвдүгээр цахилгаан станцын С.Анхбаяр оффшорын асуудалтай. Үүнийг би шалгах болно. Хүү нь Гадаад харилцааны яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Мөн Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийн хэрэг, Эрдэнэт хоёрыг ярьж байгаа. Энэ хүн өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. Энэ хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр" гэв.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг бол хуурай дүү гэх С.Анхбаяр нь ТЭЦ-4 ТӨХК-д Гүйцэтгэх захирлын алба хашдаг байна.

Мөн Б.Хурц "Цэндийн Нямдорж гэдэг хүний тагнуулын холбоотой 42 хуудас материалын асуудал тусгай албадтай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ асуудлаар генерал Х.Баатар өөрөө гомдол гаргасан. Манай байгууллагын тэргүүн дэд дарга Б.Доньжчимбуугаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг буцаж шалгасан. Энэ хэргийг нууцлалын зэргээс гаргахад боломжийн болсон.Тагнуултай холбоотой, гадны тусгай албадтай холбоотой хамтран ажилласан, мэдээлэл зөөсөн, харьцсан гэх юм бол хэцүү. Үүгээр нэвтрүүлэг юм уу, баримтат кино хийж төрийн албан хаагчдад, өндөр албан тушаалтай улсуудыг гадны тусгай албадаас болгоомжлуулах, сэрэмжлүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Тухайн үед 42 хуудас материал алдагдсан юм шиг байгаа юм" гэлээ.