
Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын сор бүтээлүүдийн нэг болох XX зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ыг уншаагүй, киног нь үзээгүй хүн ховор билээ. Уг бүтээл энэ удаад мюзикл хэлбэрээр үзэгдэд хүрэх агаад энэ сарын 9, 10-нд тайзнаа тоглох аж.
Тус мюзиклийн зохиолыг Төрийн шагналт, зохиолч Д.Төрбат бичиж, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт Ц.Нацагдорж, "Анир" поп оркестийн удирдаач, УГЗ Б.Алтанхуяг нар ажиллажээ.
Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид мөн хамтран ажиллаж байгаа бөгөөд СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд ч оролцож байгаа юм. “Тунгалаг тамир” романы үйл явдал Архангай аймгийн Тамирын голын эрэг, Тайхар чулууны дэргэд өрнөдөг.
Мөн “Анир” поп оркестр Монголд анх удаа мюзикл жүжгийг амьд хөгжмийн хамт тоглож байгаагаараа онцлогтой. Нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү бүтээл дээр ажиллаж байна.