
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагаа Улаанбаатарт болж байна. COP17 хурлын спортын элч төлөөлөгч Францын жүдоч Асма Ниангтай ярилцлаа.
-Улаанбаатарт дахин хүрэлцэн ирсэн баяр хүргэе. Өнөөдөр Монголын жүдогийн хамт олонтой уулзсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-10 жилийн өмнө Монголд ирж байлаа. Улаанбаатарт тэмцээнээр ирж байсан олон дурсамж надад бий. Онгоцны буудлаас эхлээд маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Монголын ард түмний халуун сайхан сэтгэлийг дахин авч байна. 10 жилийн өмнө ирж байсан тэр зүйл өнөөдөр ч бас хэвээрээ байна. Би Монголын ард түмний халуун сэтгэлийг мэднэ. Өнөөдөр ч гэсэн энэ дулаан сэтгэлийг авсандаа баяртай байна. Жүдогийн хамт олонтой бэлтгэл хийж, сайхан дурсамжаар эргэн сэргэлээ. Монголын баг тамирчид Азийн наадамд оролцоно гэдгийг сонслоо. Тэдэнд дахин амжилт хүсье. Өнөөдөр тэдэнтэй дахин бэлтгэл хийлээ. Гайхалтай байна.
-Та Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын спортын элч төлөөлөгч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач
-Би Монголын тамирчдыг мэддэг учраас дахин ирэхдээ баяртай байна. Ирээд хоёр хонож байгаа ч COP17-ын салбар хуралдаанд оролцож байна. Цөлжилт, газрын доройтлын асуудал хүнд байгаа. НҮБ-ын салбар хуралдаануудад оролцож байгаадаа баяртай байна. Мөн Монголд ирээд маш олон залуучуудыг харж байна. Залуучууд их байна.
-Өнөөдөр жүдогийн бэлтгэл хийх ямар байсан бэ. Та Монголын шигшээ багийн дараагийн үетэй танилцлаа шүү дээ?
-Монголын жүдо бөхийн хамт олонд баярлаж байна. Өнөөдрийн бэлтгэл сайхан байлаа. Монголын жүдо бөхийн шигшээ баг өөрчлөгдсөн байна. Гэхдээ дасгалжуулагч нарыг таньж байна. Мөн тамирчдаас мэддэг тамирчид олон байна. Монголын шилдэг жүдочдын нэг Б.Ганхайчтай таарлаа. Би Б.Ганхайчтай нэг жинд биш ч гэсэн тэмцээн уралдааны үеэр олон удаа таарч байсан. Өнөөдөр хамт дэвжээн дээр бэлтгэл хийлээ. Мөн олимпын наадмаас медаль хүртсэн Баасанхүү байна.

-Таны спортын амжилт дахин Монголд ирэх боломжийг олголоо гэж харж байна?
-Бид Монголд ирэх урилга хүлээж аваад маш их баяртай байлаа. Жүдо бөхийн тамирчин хүний хувьд үнэхээр их талархаж байлаа. Монголын тамирчидтай тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилт хийх гээд хамт байсан цаг хугацаа их бий. Гэтэл өнөөдөр НҮБ-ын хурлаар дахин ирлээ.
-Та Олон улсын жүдо бөхийн холбооны гэр бүлд багтсан. Монголын тал нутаг таньд ойр гэж байсан. Энэ талаар?
Жүдочдоороо харьцуулан харахад Монгол хүн төлөв даруу, сайхан хүмүүс байдаг. Би жүдочдоо сайн мэднэ. Монголын тал нутаг ч надад ойр байдаг. Би Марокко гаралтай хүн. Монгол хүний байгальтайгаа зохицон амьдарч чаддаг, төлөв даруу байгаа байдал надтай ойр байдаг. Энэ удаа Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” фестивальтай танилцахаар болсон. Мэдээж Монголын хөдөө тал нутагт олон зүйлийг харна. Монголчуудын соёл ахуйтай танилцах боломж дахин нэмэгдлээ. Магадгүй би маргааш морь унахыг үгүйсгэхгүй. Монголд дахин ирсэндээ баяртай байна. Өнөөдөр жүдо бөхийнй хамт олонтойгоо уулзаад сэтгэл үнэхээр жаргалтай байна. Та бүхэнд баярлалаа.