АТГ-ын дарга Х.Энхжаргал шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ хар жагсаалтын талаар ярьжээ. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэнгийн асуусан “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр танай байгуулага ямар санал санаачилга гаргасан бэ” гэсэн асуултад тус газрын дарга хариулахдаа, “Өмнөх Олон нийтийн зөвлөлөөс саналыг нь авч байсан. Одоо та бүхнээс ч санал авна. Бид их олон зүйл санаачилж хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь тендерийн хар жагсаалт байна гэжээ.
Сангийн яамнаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдуулан хар жагсаалт буюу ажлаа дутуу хийсэн, татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй ажил хийсэн компаниудын нэрийг гаргасан боловч үүнийх нь хугацаа дуусаад нэлээд удаж байгаа юм байна.
Одоогоор энэ хар жагсаалтад 170 гаруй байгууллага байдаг ажээ. АТГ-ын даргын хэлснээс үзвэл, хар жагсаалтад зөвхөн аж ахуйн нэгж, компанийг оруулах нь хангалтгүй юм байна.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад тендер сонгон шалгаруулахад тус байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах чиглэлээр мэргэшүүлэх сертификаттай мэргэжилтэн заавал оролцдог, тухайн алба хаагчийн шалгаруулсан тендер, худалдан авах ажиллагаа будилаантай байх юм бол тэр хүнийг хар жагсаалтад оруулдаг болгох аж. Аль нэг аймаг, яам, агентлагийн тендер, худалдан авах ажиллагаанд уг албан хаагчийг дахиж орох эрхгүй байхаар журмыг нь өөрчлөх саналыг АТГ-аас гаргаж байгаа юм байна.