БНХАУ-ын Алха хотын Тэнгэр элс гэдэг газар автоспортын олон улсын тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Г.Ариунтуяа гэх монгол бүсгүй эх орноо төлөөлөн өрсөлдөж, кросс класс төрлийн эхний хоёр шатны уралдаанд хамгийн бага хугацаанд замаа дуусгаснаар түрүүлжээ. Тэрээр энэ төрөлд өрсөлдсөн 36 тамирчинаас цорын ганц эмэгтэй тамирчин юм. Түүнд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн "Жалам хар" клубынхэн "Бээжин жийп" хэмээх машинаа өгч тусалсан байна.

Энэ уралдааныг гурван сая гаруй хүн үзэж сонирхсон аж. Г.Ариунтуяагийн хувьд хоёр дахь олон улсын тэмцээн нь энэ бөгөөд эх орондоо болсон Монголын бартаат замын автоспортын холбооноос зохион байгуулсан "Мөсөн зам" тэмцээнд алт, "Говь ралли"-гаас мөнгө, "Баха Монгол" уралдааны 2016, 2017 оны тэмцээнүүдэд "УАЗ-469" машинаар өрсөлдөн тусгай байр эзэлж, шилдэг тамирчин болж байв.

Г.Ариунтуяагийн аав нь Монголын автоспортын тамирчдын анхдагчдын нэг бөгөөд тэрээр 12 настайдаа "УАЗ-469" автомашин анх хөлөглөсөн нь хожмоо эр хүн бүр хичээллэж зүрхлэхээргүй хэцүү спортын төрөлд орох эхлэл тавигджээ.