Афганистан улсын зүүн хэсгийн Нангархар мужид өнгөрсөн шөнө 6.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Шөнө дундын өмнөхөн болсон газар хөдлөлийн голомт нь Нангархар мужийн 200 000 оршин суугчтай Жалалабад хотоос зүүн хойшоо 27 км зайд бүртгэгджээ.
АНУ-ын Газарзүйн судалгааны газар газар хөдлөлтийн голомтыг хөрсний гүний 8 км-т тогтоосон байна. Өнөөдөр өглөөний байдлаар орон нутгийн хэвлэлүүд газар хөдлөлт, хөрсний гулсалтын үеэр 250 гаруй хүн амь эрсдэж, 500 орчим хүн гэмтэж бэртсэнийг мэдээллээ. Гэвч хэдэн зуун хүн хөрсөнд дарагдсан байж магадгүй тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.
Газар хөдлөлт Пакистан улстай хиллэдэг уулархаг алслагдмал бүсэд болсон тул аврагчид хүрч ажиллахад амаргүй байна. Голомтоос зуу гаруй км-т амьдардаг иргэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэнийг ярьжээ. Афганистаны Пакистан улстай хиллэдэг уулархаг бүсэд газар хөдлөх нь элбэг. 2023 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй хүн амь үрэгджээ.