Бангладешийн Дака хотод томоохон оёдлын үйлдвэрт гал гарсны
улмаас 16 хүн амь насаа алдаад байна. Албаныхан амь үрэгдсэн хүмүүсийн тоо
нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.
Онцгой байдлын албаны мэдээлснээр шатсан үйлдвэрийн дөрвөн давхар барилгаас хүмүүсийн цогцсыг гаргаж авсан ч танигдахын аргагүй болсон байжээ.
Оёдлын үйлдвэрийн хими бодис хадгалдаг агуулахаас авалцаж эхэлсэн галыг гурван цагийн дараа унтраажээ. Гэрчүүдийн мэдээлснээр, уг агуулах нь цайруулах нунтаг, хуванцар болон устөрөгчийн пероксид хадгалдаг байсан нь галын тархалтад нөлөөлсөн байна.
Онцгой байдлын албаны дарга Мохаммад Тажул Ислам Чоудхурийн үзэж буйгаар хохирогчид галд шатахаас өмнө хийнд хордон амиа алдсан байх магадлалтай аж.
Цагдаагийн газар одоог хүртэл үйлдвэрийн болон агуулахын эзэдтэй холбогдож чадахгүй байгаа тухай Чоудхури мэдээлсэн юм. Мөн агуулах хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалгах мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Бангладешийн хүн ам шигүү суурьшдаг дүүрэгт гал түймэр гарах нь олонтаа. Аюулгүй байдлын стандарт сул, дэд бүтцийн асуудал зэргээс шалтгаалан гал түймэрт амиа алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна.
2021 онд Дака хотноо хүнсний үйлдвэрт гал гарч 52 хүн нас баран 20 гаруй хүн гэмтэж байсан билээ. Шалгалтаар хууль бусаар баригдсан уг үйлдвэр аврах гарцгүй байсан нь тогтоогдсон юм. Мөн 2019 онд нийслэлийн эртний дүүрэгт хуримын ёслолын үеэр гал гарч 78 хүн амиа алдаж байжээ.
Эдгээрээс хамгийн ноцтой нь 2013 онд найман давхар барилга нурсны улмаас 1100 гаруй хүн нас барсан байдаг.
Б.Оюунхорол