МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хийхээр гишүүддээ зар тараасан. Эрх баригч намын хувьд Бага хурлаараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцана. Тэгвэл НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир Бага хурлаас өмнө энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл шийдэх шаардлага гарчээ.

НИТХ 45 төлөөлөгчтэй. Үүнээс 33 нь МАН-ын төлөөлөгч. Тэдний зарим нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байсан юм. Нэгэнт Ц.Сандуй ажлаа өгөхөөр болсон учир түүний ажлыг хэн авах вэ гэдэг өрсөлдөөн МАН дотор явагдаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр НИТХ-ын гишүүн Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр яригдаж байгаа аж. Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг яг одоо хэлэлцэж байна.

Эдгээр гурван хүнээс гадна НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Амарсайханы нэр хүчтэй яригдаж байсан юм. Гэвч тэр уг өрсөлдөөнд оролцохоос татгалзаж, нэрээ татсанаар дээрх гурван хүн тунаж үлджээ. НИТХ ирэх баасан гаригийн хуралдаанаараа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гарч ирсэн хүнийг батламжилж, НИТХ-ын дарга болгох чиг байгаа юм.