“Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз” олон ангит кино 2014 онд дэлгэцнээ гаран  үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Дэлгэцийн 40 ангит уг бүтээл 2015 онд “Гурван найз: Яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киногоор үргэлжлэн үзэгчидтэй дахин уулзсан. Тэгвэл гурван найзын адал явдал энэ удаад дахин үргэлжиллээ.

Найз нөхөрлөлийн үнэ цэнэ, адал явдлыг инээдмийн төрлөөр харуулсан уг бүтээл энэ удаад "Гурван найз: Эргэн ирсэн нь" уран сайхны кино болон мэндэллээ. Найруулагчаар нь С.Баттулга ажиллан гол дүрүүдэд О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар тоглосон уг кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийн кино театруудаар үзэгчдэд хүрч эхлээд байна.

Мөн дүрүүдэд Аяа буюу Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг, жүжигчин Г.Нарансолонго нарын уран бүтээлчид тоглосон юм. Энэ кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд бас нэгэн шигтгээ нь загвар өмсөгч, "Mongolian next top model" тэмцээний ялагч Б.Цэрэндолгор байлаа.

"Гурван найз" цувралаар ийнхүү хоёр дахь бүрэн хэмжээний киногоо хийсэн нь үзэгчдийн хүсэлт байсан юм шүү" гэж жүжигчин С.Тэмүүжин онцолсон.

Нэг онцлог нь тус киноны зураг авалт Тайванд хийсэн бөгөөд Монгол, БНСУ, Тайван зэрэг гурван орны уран бүтээлчид хамтран тоглосон аж.

Тодруулбал, гурван найз юугаар ч солишгүй андын нөхөрлөлөө сэргээхийн тулд Тайланд улс руу аялах ажээ. Энэ үед нэн ховор эртний “Луугийн нүд” гэх үнэт чулууг Пак хэмээх хулгайч Солонгос улсаас хулгайлан Монголд авчирна. Түүний араас Солонгосын гэмт хэргийн бүлэглэл мөшгөн иржээ. Санамсаргүй байдлаар тэр чулууг гурван найз Тайланд улс руу авч явсан байна. Үүнийг нь гэмт бүлэглэл мэдэж гурван найзын ойр дотны хүмүүсийг нь барьцаалан хулгайлагдсан чулууг авчрахыг шаардана. Гурван найз адармаатай энэ байдлаас хэрхэн яаж гарсан тухай “Гурван найз: Эргэн ирсэн нь” киноноос хүлээн авч үзээрэй.