“Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Дэлгэцийн 40 ангит уг бүтээл 2015 онд “3 найз: Яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэй дахин уулзсан. Тэгвэл 3 найзын адал явдал энэ удаад дахин үргэлжиллээ.
Тодруулбал, "3 найз: Эргэн ирсэн нь" уран сайхны кино өнөөдөр 18.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Найруулагч С.Баттулга ажиллан гол дүрүүдэд О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар тогложээ.
Гурван найз юугаар ч солишгүй андын нөхөрлөлөө сэргээхийн тулд Тайланд улс руу аялах нь ээ. Энэ үед нэн ховор эртний “Луугийн нүд” хэмээх үнэт чулууг Пак хэмээх хулгайч Солонгос улсаас хулгайлан Монголд авчирна. Түүний араас Солонгосын гэмт хэргийн бүлэглэл мөшгөн иржээ. Санамсаргүй байдлаар тэр чулууг гурван найз Тайланд улс руу авч явсан байна. Үүнийг нь гэмт бүлэглэл мэдэж гурван найзын ойр дотны хүмүүсийг нь барьцаалан хулгайлагдсан чулууг авчрахыг шаардана. Гурван найз адармаатай энэ байдлаас хэрхэн яаж гарсан тухай “Гурван найз эргэж ирсэн нь” киноноос хүлээн авч үзээрэй.