Пакистан улсын иргэн 14.3 тэрбум иен (ойролцоогоор 90 сая ам.доллар)-ын үнэлгээтэй өдөөгч төрлийн хар тамхийг АНЭУ-аас Токио руу хууль бусаар оруулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.
Батт Шафкат Муштак хэмээх 53 настай, тогтсон оршин суух хаяггүй, хуучин автомашины худалдаа эрхэлдэг эр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа ч хэргийг үгүйсгэж байгаа аж.
Токио хотын цагдаа болон холбогдох байгууллагууд түүнийг 2025 оны 12-р сарын 30-наас 2026 оны 1-р сарын 1-ний хооронд 270 килограмм өдөөгч бодисыг контейнер дотор нууж хилээр нэвтрүүлсэн гэж сэжиглэж байна.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Токиогийн гаалийн албаныхан уг контейнерыг гурван сарын турш эзэнгүй орхисны дараа шалгаж, дотор нь гоо сайхны бүтээгдэхүүний сав баглаа боодол мэт харагдах уутанд нуусан мансууруулах бодисыг илрүүлжээ.
Сэжигтэн бусад хүмүүст, тэр дундаа өөр нэг пакистан иргэнд хууль бусаар нэвтрүүлэх заавар өгсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Түүнийг Наритагийн олон улсын нисэх буудлаар дамжин Японоос гарах гэж байхад нь баривчилжээ. Одоогоор мансууруулах бодисын эх үүсвэр, нийлүүлэлтийн замыг шалгаж байгаа аж.
Цагдаагийн мэдээлснээ өдөөгч бодистой контейнер нь 12-р сард Токио хотод буусан ч 3-р сар хүртэл гаалийн мэдүүлэгт бүртгэгдээгүй хадгалагдсан байна.
Хэрэгт холбоотойгоор баривчлагдан шалгагдаж буй бусад таван этгээд нь Пакистан болон Шри Ланкийн иргэн бөгөөд тэд экспортын бүрдүүлэлт болон тээвэрлэлтийн үйл явцад тусалсан байж болзошгүй аж.