
Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 651 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох сэдвүүдээс танилцуулъя.
НЭГ. Горьдлого ба хардлага
Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлдэгчлэн цэгцрэх хөдөлгөөн өрнүүлэх, улс орноо цэгцрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй, энэ үүргийг 2016 оноос хойш хүлээсэн МАН-ынхан намаа, бас төрөө “цэгцрүүллээ”. Сүүлийн хоёр сар гүйдэл, суудлаа олохгүй нам дотроо хөлөө жийлцсэн тэдний ажил, албан тушаал цэгцэндээ оров. Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалтайгаа үлдэж, сайдаар томилохыг хүссэн Б.Энхбаярыгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, танхимынхаа эсрэг ажилласан Шадар сайд С.Амарсайханыг явуулж, оронд нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томиллоо. Мөн түүнийг дэмжигч тал хүслээ гүйцээж Д.Батжаргал гишүүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон. Бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилов. Эцэст нь Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын дарга, УИХ-ын даргаар сонголоо. Товчхондоо, хонь бүрэн, чоно цатгалан үлдэв.
Одоо УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаа шинээр сонгож, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаа шинээр томилчихвол УИХ, Засгийн газрын бүх зүйл байр байрандаа орно. Ийнхүү өөрсдийнхөө ажил, албан тушаалыг цэгцэлж дуусвал амласан амлалт, хэлсэн үгээ санаж ард олныхоо амьдралыг дээшлүүлэх, цэгцрүүлэхэд анхаарлаа хандуулах ажил хүлээж байна. Хамаг ажлыг нугалах үүрэгтэй гүйцэтгэх засаглал ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэхээ больж тогтвортой ажиллах нөхцөл бүрдлээ.
С.Шийлэгтөмөрийн “Hakuna Matata”: Ардын намынхан уу, ард түмэн үү?" нийтлэлээс
ХОЁР. “Эцэг” биш, “хүү” хуулийг дагахыг илүү үзэв
Манай улс есөн удаа парламентын сонгууль зохион байгуулаад буй. Хэдий тийм ч УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг гол хуулиа чамбайруулж чадаагүй, зүйл, заалт нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хэвээр, тэр дундаа будилсаар, заримдаа санаатай ч будилуулсаар л явна. Үндсэн хуулиа бид “эцэг” хэмээн тодорхойлж, үүнд нийцүүлэн бусад хуулийг баталдаг. Гэвч “дагалдах” хуулиудад яагаад ч юм зөрүүтэй заалтууд оруулчихаад, үүнийгээ хэрэгтэй үед эрх ашигтаа нийцүүлэн ашигладаг юм биш үү гэсэн хардлага төрөх болов. Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж, түүнийг нь парламентаар хэлэлцэх үеэр Үндсэн хууль зөрчсөн үйл явдал үүнийг батална. Энэ үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдсөн. Улмаар нэгдсэн чуулганыг удирдсан гишүүн Х.Булгантуяа “эцэг” биш, “хүү” хуулийг дагахыг илүүд үзсэн юм. Үндсэн хуульд нийцүүлж бусдыг нь баталдгийг хууль тогтоогч хүн мэдэхгүй байх учиргүй. Тиймээс үүнийг санаатай үйлдэл гэхээс өөр яах билээ. Үндсэн хуулийн Цэц ч үүнийг нь тогтоосон. Тэгвэл эл маргааныг засах хоёр ч “ажиллагаа” өрнөж эхлэв. Нэр бүхий иргэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцэд хандлаа. Залгуулаад УИХ-ын хэсэг гишүүн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн бариад байна.
С.Туулын “Алдаа”-наасаа суралцсан ухаарал" нийтлэлээс
ГУРАВ. Чөдөр
Төрийн удирдсан төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж бүхэнд хулгай зэлгий нүүрлэж, өрөндөө баригдаж, алдагдалтай ажилладаг жишиг тогтоод удлаа. Арав, 20 жилийн өмнө ч ийм байсан. Одоо ч энэ л хэвээрээ, ийм л байх ёстой мэт. Хэрэв хувийн аж ахуйн нэгж ингэж ажилласан бол эзэн нь аль хэдийнэ дампууруулаад, татан буулгачихсан байгаа. Гэтэл манай дарга нар ашиг өгдөггүй, алдагдал хүлээдэг аж ахуйн нэгжүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээн тэтгэсээр, өрнөөс өрний хооронд ажиллуулсаар л байдаг. Юуны төлөө энэ вэ. Тэнд өөрийнх нь ашиг орлого, ажил амьдрал, бизнес дагалдан явж байдаг учраас алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байлгасаар л байна.
С.Шийлэгтөмөрийн "Төрийн оролцоо хэмээх чөдрөөс салах цаг" нийтлэлээс
ДӨРӨВ. Бөөрний өвчлөлийн дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг
Монголд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн шалтгааныг халдварт өвчнийг эс тооцвол бөөрний өвчлөл эзэлж байна. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл эрчимтэй нэмэгдэж эхэлснийг эмч нар анхааруулах боллоо. Эмнэлгийн статистик мэдээллээс үзвэл өнөөдөр 15-аас дээш насны хүн амын ойролцоогоор 12-15 хувь нь бөөрний архаг өвчний ямар нэгэн хэлбэрээр өвджээ. Бөөрний өвчлөл дотроо олон янз бөгөөд энэ онд бөөрний аяганцар тэвшинцрийн буюу бактерийн гаралтай үрэвслээр үүсгэгдэж байгаа эмгэг ихэссэн талаар бөөр, гемодиализийн их эмч Н.Оюун онцолсон юм.
Үүнээс гадна бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл ч эрс нэмэгджээ. Өдгөө бөөр шилжүүлэн суулгасан иргэдийн 98 хувь нь бөөрний архаг түүдгэнцэрийн өвчтэй аж. Энэ нь голдуу шүд хорхойтох, чихнээс булаг гоожих, идээлэх, үүнийгээ удаан хугацаанд эмчлүүлэхгүй явснаас болдог. Хоёр бөөрийг хоёуланг нь өвчлүүлж, бөөрний түүдгэнцэрийн сувгууд хатингаршиж, жижгэрэх бөгөөд эцэст сорвижих төдий байдлаар алга болсон тохиолдолд бөөр шилжүүлэн суулгуулахаас өөр гарц үлддэггүй байна. Ийм нөхцөлд бөөрний аппаратад орж байж л амьд гарах боломжтой.
Б.Алтанхуягийн "Хэлж ирдэггүй тахал" нийтлэлээс
ТАВ. Инфляцын эсрэг
Улс орнууд инфляцын хэмжээ, эдийн засгийн чадавх, үндэстний онцлог зэргээс хамааран инфляцын эсрэг янз бүрийн бодлого боловсруулж, арга хэмжээ авдаг. Гэхдээ тун сайн, үр ашигтай аргыг одоо хэр олоогүй бөгөөд инфляцын эсрэг хамгийн зохистой бодлого, арга хэмжээг тодорхойлох нь эдийн засгийн чухал зорилт юм. Тухайлбал, Голланд болон Скандинавын орнуудад үнэ, цалинд хяналт тавьж, хэт өсгөхгүй байх бодлого явуулж байжээ. Гэхдээ үүнийг удаан ашиглавал бизнес ба ажилчдын идэвхийг сулруулж, үр ашгийг бууруулдаг нь батлагджээ. Энэ аргын эсрэг цалин, үнийн өсөлтийг адилтган нэмэх нь ч үргэлжилсэн буюу цогио инфляцад хүргэдэг аж.
Түүнчлэн манай улс түлхүү хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх арга ч эргээд инфляц өсөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд бодлогын хүүг өндөр хэвээр хадгалах нь хөрөнгө оруулалт хумигдаж, үйлдвэрлэл багасаж, ДНБ буурахад нөлөөлдөг байна. Тиймээс манай улсад инфляцын учир шалтгааныг богино хугацаанд тодорхойлж, арга хэрэгслийг хослуулан зөв удирдан хэрэгжүүлэх шаардлага байнга тулгарч буй. Тухайлбал, богино хугацаанд мөнгөний чанга бодлоготой хослуулан монополыг халж, өрсөлдөөн бий болгож, үйлдвэрлэл хөгжүүлж, төсвийн зардлыг танах нь одоогийн нөхцөлд хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Б.Цэнд-Аюушийн "Инфляц эрчээ авах нь" нийтлэлээс
ЗУРГАА. Хөдөлмөрийн зах зээлийн шинэ дүрэм
“Фриланс ажлын туршлагатай, чадварлаг монгол мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг урьж байна. Монгол Улс нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай, туршлагатай чөлөөт ажилчидтай. Мөн Монгол дахь чөлөөт ажилчдын хөлс нь үндсэн ажилчдын цалинтай харьцуулахад хоёр дахин хямд гэдгээрээ онцлог. Тиймээс бид ажилчдын цалингийн зардлаа 50 хувь хэмнэх боломжийг танд олгож байна. Ажил гүйцэтгэсний дараа таны төлсөн төлбөр ажилчдын цалин болж орох тул эрсдэлгүй” гэх агуулга бүхий зарлал гаднын вэбсайт дээр байршжээ. Уг мэдэгдлийн доор монгол хүмүүс хувийн мэдээллээ зурагтайгаа оруулсан байх аж.
Мэдээлэл, технологийн ажилтан, багш, байгаль орчны мэргэжилтэн, орчуулагч, нарийн бичиг, тоглоом хөгжүүлэгч, олон улсын харилцааны ажилтан, нягтлан бодогч, молекул биологич гэхчлэн зүйл бүрийн мэргэжилтэй хүмүүс өөрсдийн мэдээллийг нэгтгэжээ. Ингэхдээ өөрийн давуу тал, ур чадвар, төгссөн сургууль, мэргэшил, мэргэжил хийгээд мэргэжлээрээ хэчнээн жил ажилласан тухайгаа ч оруулсан байх аж. Мөн амьдарч байгаа улс, хот, дүүрэг, гэрийн хаягаа ч дэлгэрэнгүй бичжээ. Нэг цагийн ажлын хөлс нь 5 ам.доллараас эхэлж байх бөгөөд хамгийн ихдээ 50 ам.доллараар цагийн цалингаа тогтоосон байна. Ийнхүү монголчууд олон улсын чөлөөт хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө, ур чадвараа борлуулж буй нь энэ. Чөлөөт ажилтны хувийн мэдээлэлтэй танилцаж, шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажил олгогч тал мөн өөрсдийн мэдээллийг тухайн хаяг руу оруулаад, хөдөлмөрийн гэрээ хийх учиртай. Энэ бол цар тахлаас хойш дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй хүрээ хязгааргүй хөдөлмөрийн зах зээл юм.
О.Даваасүрэнгийн "Чөлөөт ажилчдын талбар" нийтлэлээс
ДОЛОО. Хамаарал
Монгол Улсын экспортын өсөлт 2015 оноос хойш жил тутам тогтмол 30 гаруй хувиар нэмэгджээ. Өсөлтийн дийлэнхийг уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа юм. Тэр хэрээр Монгол Улсын эдийн засаг ганцхан салбараас хэт хамааралтай болж байна. Нэг талаас эдийн засгийн өсөлтийг тэтгэж, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа ганц “том” салбараас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг цар тахал бидэнд бэлхнээ харуулчихсан. Тэгвэл эдийн засгийн засгийг, экспортыг төрөлжүүлэх хамгийн боломжит салбар нь юу вэ. Өнгөрсөн жилүүдийн тоон үзүүлэлтийг харвал хөдөө аж ахуйн салбар л бидний боломж гэлтэй. 1995 онд Монгол Улсын экспортод гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг, 2000 оны үед тал хувийг дангаар бүрдүүлж байсан хөдөө аж ахуйн салбарын экспорт сүүлийн жилүүдэд буурсаар, өнөөдөр 10 хувьд хүрэхээ больжээ. Энэ оны 10 сарын байдлаар манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 2.4 хувийг нэхмэл эдлэл, 1.3 хувийг үндсэн төмөрлөг, 1.4 хувийг мал, амьтад, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, 0.5 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн эзэлжээ. Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, улсын хөгжил цэцэглэлтийг хангахад хамгийн чухал нь экспорт. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч экспортолж байгаа барааны нэр төрөл төдийлөн өөрчлөгдөөгүй. Сүүлийн 15 жилд цайрын хүдэр, хар тугалганы хүдэр, лаазалсан мах, хадгалсан мах, тосны ургамлын үр, рапс, ноосоор хийсэн нэхмэл даавуу зэрэг 10 хүрэхгүй бүтээгдэхүүн шинээр экспортолжээ. Нэр төрлөөс гадна экспортын бүтцийн хувьд нэг салбараас хараат байдал нэмэгдсээр байгааг анхаарах шаардлагатай.
М.Мөнхжаргалын "Уул уурхайн хамааралыг буруулах боломж" нийтлэлээс
НАЙМ. Амин дэмийн дутагдал
Өглөө босоод хайрсан боорцог, бүлээн хярмаар ундалчихдаг, маслотай талх, элсэн чихрээр өдрийн дийлэнхийг бардаг, орой тал, талаас цуглармагцаа мах, гурилаар бульдсан хоол хийгээд, том, том тавгаар иддэг, жимс, хүнсний ногооны барааг баярын өдрүүдэд л хардаг. Энэ бол картын барааны үеэс эхлэн ихэнх монгол хүн, олонх монгол өрхийн амьдарч ирсэн замнал, хооллох дэг. Харин сүүлийн жилүүдэд өрхийн хэрэглээнд жимс, хүнсний ногоо нэмэгдэж, хүмүүс эрүүл, зөв хооллолтын талаар мэр сэр ярих болсон. Гэсэн ч өнөө хэр нь нийт хүн амын дунд хоол хүнснээс авах шим тэжээлийн талаарх нэгдсэн ойлголт хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн шоколад, чипс, ундаа зэрэг чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн нь буруу хооллох дадлыг улам бүр гааруулж байна. Үүний улмаас илүүдэл жинтэй, шим тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Улмаар “Хоол тэжээлийн давхар дарамттай улс” (double burden of malnutrition)-аар нэрлэгдэх болсон. Энэ нь шим тэжээл, амин дэмийн дутагдалтай, далд өлсгөлөнд нэрвэгдсэн, илүүдэл жинтэй иргэд олширч байгааг илэрхийлж буй нэршил юм.
О.Даваагийн "Шим тэжээлийн өлсгөлөн" нийтлэлээс
ЕС. Гадаад бодлогын “шүд”
Будапештэд болсон энхийн хэлэлцээр байгуулах Трамп, Путины уулзалтын сураг алсрахтай зэрэгцээд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын суудал ганхаж эхэлсэн тухай шуугих боллоо. Кремлийн гадаад бодлогын жолоог 20 гаруй жил атгасан Лавровын хурц үг хэллэг сүүлийн үест мэдэгдэхүйц намжсан нь Москвад хөшигний ард ямар нэг томоохон өөрчлөлт дөтлөж буйн дохио хэмээн өрнөдийн судлаачид ч анхааруулж буй. ОХУ-ын төрийн мэдээллийн сувгууд түүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 50-60 хувиар бага гаргаж, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Гадаад бодлогын асуудлыг Ерөнхийлөгч Путин өөрөө удирдаж байгаа” хэмээн тайлбарлах болсон нь ерийн тохиол биш гэлтэй. Сергей Викторович үнэхээр Ерөнхийлөгч Путины тааллаас гажсан бол оронд нь хэн ирэх вэ? Энэхүү асуулт өнөөдөр Евразийн геополитикийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна.
С.Лхагвасүрэнгийн "Буланд зогссон Лавров" нийтлэлээс