Баянгол дүүргийн VI бичил хороололд архидан согтуурсан этгээд найзыгаа хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, М гэх залуу Г, Н нартай гэртээ архидан согтуурч байгаад Г-тэй маргалдан хүзүүн тус газар нь хутгаар зүсэж гэмтээн, цээжинд нь хутгалж хэрцгийгээр бүрэлгэсэн байна.
Улмаар гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн цогцсыг боож, машиныхаа тээшинд нуусан байжээ. Мөн тэрээр хэргийн газар байсан Н-ийг “Хэрвээ энэ талаар хүнд хэлвэл өөрийг чинь бас ална” гэж сүрдүүлсэн аж.
Хэд хоног машины тээшинд байсан цогцос муудаж үнэр орж, ойр хавийн айлуудад үнэртсэнээр энэ хэрэг ил болсон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хамтран шалгаж байна.
Сэжигтэн М өмнө нь бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон нэг бус удаа шийтгүүлж байсан нэгэн аж.