

“Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмын нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. 100 жилийн дараа сэргээн тэмдэглэж ирсэн Даншиг наадам гурав дахь жилдээ ийнхүү анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнгөрсөн хоёр жил Хүй долоо худагт өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Даншиг наадам энэ жил Сонгинохайрхан дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэний улмаас ийнхүү байршлаа өөрчилсөн билээ. Үндэсний их баяр наадмын бодвол хүн багатай байгаа ч гадаадын жуулчид олноороо энэхүү арга хэмжээг сонирхон байлаа.

Наадмын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг залсны дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэлсэн. Энэ үеэр Д.Чойжамц хамба “Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр ард түмний тусын тулд Мандал өргөлөө.
Одоо хүчит бөхийн барилдаан болж байна.
Даншиг наадмын түүхийг сөхвөл анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ.
Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу наадам” болж, уламжилсаар хожим Улсын их баяр наадам болсон гэж үздэг.
Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай аж.
Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчинлэн хийд хамтран зохион байгуулж байгаа юм.
Наадам маргааш цам харайх ёслол, хүчит бөхийн тавын даваагаар үргэлжилнэ.











