
“Дакар-2026” залуучуудын зуны олимпын наадмын элсний бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Эрхэмбаатарын Анужинтай ярилцлаа. Тэрээр Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 109-р сургуулийн 12-1 ангид суралцдаг аж.
17 настай Э.Анужин залуучуудын олимпын наадмаас элсний бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон. Хамгийн сонирхолтой нь тэрээр, “Сингапур 2010” залуучуудын олимпын анхны аварга Б.Батцэцэг, “Наньжин-2014” олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөн нарын дэвжээний гурав дахь тамирчин юм. Тодруулбал, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дэвжээнээс залуучуудын олимпын гурав дахь медальтан төрж, Д.Мөнхбаяр багшийн гурван шавь олимпын медальтан болсон ховор амжилт энэ онд бичигдлээ.
-Юуны өмнө залуучуудын олимпын медальтан болсонд баяр хүргэе. Мөрөөдлөө биелүүлж, олимпын медальтан боллоо. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Өөрийн хүсэж байсан залуучуудын олимпын алтан медалийг авч чадаагүй ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Энэ бол алтын дайтай медаль. Налайх дүүргийн хоёр багшдаа баярлалаа. Мөн Сенегалын наадамд дасгалжуулагчаар ажилласан элсний бөхийн Ц.Баярсайхан багшдаа маш их баярлалаа. Монголын олимпын хороо болон Налайх дүүргийн спортын хорооны хамт олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна. Сенегалд болсон барилдаан маш хүнд болсон. Манай зонд Хорват, Сенегал, АНУ-ын бөхчүүд байсан. Барилдаан бүр амар байсангүй. Сенегалын бөхчүүд элсний бөхийн төрөлд маш сайн бэлтгэсэн байна. Африкийн орны бөхчүүд ер нь жигдхэн бэлтгэл сайтай оролцлоо. Гэхдээ мэдээж бас би тэднээс дутахгүй гэдгээ харуулсан. Энэ медалийг эх орондоо авчирсандаа баяртай байна. Мөн элсний бөхийн төрлөөр залуучуудын олимпын анхны медаль гэж бичигдлээ. Надад тусалсан Налайх дүүргийн хамт олондоо, сургуулийн багш, сурагч нартаа, дэвжээний хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
-Яагаад чөлөөт бөхийн спортыг сонирхох болов. Бөхийн бэлтгэлд ирж байсан тэр үеийнхээ дурсамжаасаа хуваалцаач?
-Би анх бөхийн бэлтгэлд ирэхдээ сонирхож ирээгүй. Намайг тавдугаар ангид байхад ангийн багш чөлөөт бөхийн бэлтгэл хийх сонирхолтой хүүхдүүд байвал бүртгүүлээрэй гэж байсан. Тухайн үед чөлөөт бөхийн бэлтгэлд долоо хоног яваад л сонирхож эхэлсэн. Тэр үеийн бөхийн бэлтгэл онцгой байсан санагдана. Анхны тэр бэлтгэлээс хойш спортод өөрийн мэдэлгүй орчихсон. Манай Налайх дүүргээс залуучуудын олимпын медальтнууд тодорсон гээд энэ дэвжээ бол алдартай шүү дээ. 2010 онд Сингапурт анх болсон залуучуудын олимпын наадмаас алтан медальтай ирж Б.Батцэцэг эгч олон хүүхдүүдийг чөлөөт бөхөд татсан даа. Би бас эгч нарынхаа гаргасан амжилтыг хараад санамсаргүйгээр бөхийн бэлтгэлд хамрагдсан. Одоо бодоход тавдугаар ангийн сурагч охинд хэдхэн хоногийн бэлтгэл таалагдсан юм шиг байна./инээв/ Зургаан жилийн өмнөх анхны тэр бэлтгэлийн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл дэвжээндээ бэлтгэлээ хийсээр байна. Тухайн үед би тавдугаар ангийн сурагч байлаа, гэтэл одоо дунд сургуулиа төгсөх гэж байна.
-Багштайгаа уулзаж, бэлтгэл хийж эхэлсэн цагаас хойш түүхэн амжилтын эзэн боллоо. Багшийнхаа тухай юу гэж хэлэх вэ?
-Анх намайг чөлөөт бөхийн бэлтгэлд ирж байхад Д.Мөнхбаяр багш ингэж хэлж байсан. “Миний хоёр шавь залуучуудын олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн. Чи энэ тамирчдын минь залгамж халааг авна шүү гэж байсан. Хоёулаа маш сайн бэлтгэл хийж байгаад зургаан жилийн дараа болох залуучуудын олимпын наадамд оролцож, заавал медальд хүрнэ” гэж хэлж байсан. Гэтэл энэ жил багш, бид хоёрын зорилго биелсэнд туйлын баяртай байна. Тухайн үед би тавдугаар ангийн жаахан сурагч байлаа, өнөөдөр эргээд харахад хийсэн бэлтгэл бүхэндээ талархаж байна. Тэр үеийн дурсамж одоо илүү гоё санагддаг юм байна.

-“Дакар-2026” залуучуудын олимпын наадамд оролцох болсоноо хэрхэн мэдсэн бэ? Ковидын үеэр хойшилж байсан энэ наадам найман жилийн дараа болохдоо Африк тивд анх удаа боллоо. Хүлээлт ихтэй олимпын наадам шүү дээ?
-Энэ талаар ярихад үнэхээр сайхан байна/хоолой зангирав/. Багш бид хоёр зуны бэлтгэлээ хийсний дараа Олимпын хороонд очиж мэдээлэл авах ёстой байсан. Учир нь залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт тив болгонд болсон. Мэдээж дотроо айдастай хэрнээ өөрийнхөө гаргасан амжилтыг бодохоор олимпын эрх ирсэн байж магадгүй шүү дээ гэж битүүхэндээ горьдож байлаа. Олимпын хороонд очоод надад эрх ирснийг мэдээд багш, бид хоёр маш их баярласан. Яагаад гэхээр чөлөөт бөхийн төрөл энэ удаагийн наадмаас хасагдсан. Тиймээс надад элсний бөхийн төрлөөр оролцох боломж гарсан. Багш надад “Миний охин үнэхээр чадлаа, бид одоо олимпын медалийн төлөө бэлтгэлээ дахин хийх болно. Бидний зургаан жилийн хөдөлмөр. Одоо эгч нарынхаа амжилтыг давтах, ахиулах болно” гэсэн. Ингээд бид ахиад элсний бөхийн бэлтгэлдээ орсон. Мэдээж барагийн дасгалжуулагчийн шавь гурван олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцоод медаль авахгүй шүү дээ.
-Анхны тэмцээний тухайд?
-Би 15 насандаа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2024 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Италийн тамирчинд 6:4-өөр ялагдаж байсан. Мэдээж энэ тэмцээн бол надад маш том туршлага болсон доо. Багш бид хоёрын анхны дэлхийн тэмцээн учраас үнэхээр их сандарсан. Бэлтгэлээ сайн хийж байгаад дахин улсын аварга болоод Азийн аварга шалгаруулах тэмцээн гээд том тэмцээнд олон оролцсон. Мөн элсний бөхийн төрлөөр давхар оролцоод тивийнхээ тэмцээний финалд шалгарч байсан.
-“Саньяа-2026” Азийн элсний наадам гээд том тэмцээнүүд энэ жил боллоо. Таны хувьд элсний бөхийн төрлөөр залуучуудын олимпын наадамд оролцсон анхны тамирчин болж байна. Чөлөөт бөхөөс ямар ялгаатай вэ?
-Элсний бөхөөр барилдахад маш их тэвчээр шаарддаг. Чөлөөт бөхөөр хоёр минутаар хоёр үе барилддаг бол элсний бөхөөр гурван минутаар нэг үе барилдана. Онооны хувьд ч мөн ялгаатай. Элсний бөхийн барилдааны үеэр өрсөлдөгч тамирчнаа далаар нь цэвэр унагаавал шууд хожлын гурван оноо өгдөг. Би чөлөөт бөхөөр хөл авч барилддаг. Гэтэл элсэн дээр барилдахаар цээж барилдаан хийнэ. Энэ нь монгол бөхчүүдэд маш боломжийн санагдсан.
- Чөлөөт бөх болон элсний бөхийн төрлөөр хичээллэхэд гэр бүлийн дэмжлэг их биз?
-Тиймээ аав, ээж хоёр минь маш сайн дэмжинэ. Чөлөөт бөхийн бэлтгэл хийгээд эхний хэдэн жил би үнэндээ амжилттай сайн барилдаж чадаагүй. Тэр үед “Зүгээрээ миний охин дараагийн тэмцээнд сайн оролцоорой. Нэг л өдөр миний охин олимпын наадамд оролцоно” гээд аав, ээж байнга хэлнэ. Тийм болохоор би тэднийхээ итгэл, найдварыг алдахгүйн тулд багшийнхаа зааж буй бүхнийг маш сайн хийдэг. Энэ зун залуучуудын олимпын эрх авчихлаа гэж аав, ээжийгээ баярлуулж чадлаа. Тэр үеийн мэдрэмж сайхан. Тэднийхээ дэмжлэгийн ачаар олон ч тэмцээнд оролцож ялж, ялагдаж үзсэн. Энэ жил хүссэн амжилтандаа хүрч аав, ээжийгээ баярлуулж чадлаа.
-Чөлөөт бөхийн дэвжээнээс юуг илүү мэдэрдэг вэ?
-Барилдана гэдэг сайхан/инээв/. Чөлөөт бөхийн дэвжээний үнэр сайхан. Дэвжээн дээр гараад ялах мэдрэмж бол хамгийн сайхан. Мэдээж өрсөлдөгч бөхөө ялаад багшийнхаа баярлах агшинг харах сайхан. Би гэртээ ялалттай очиж байгаа учраас тэднээсээ авч буй мэдрэмж хамгийн жаргалтай мөчийн минь нэг. Цаашид илүү сайн хичээх болно.
