
Балбын төв хэсэгт орших уулын баазад цасан нуранги буусны улмаас экспедицийн ажилтнуудын 15-аас доошгүй хүн амиа алджээ. Аврагчид цогцсуудыг гаргах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ням гарагийн өглөө 7126 метрийн өндөртэй Химлун оргилын суурь баазыг цасан нуранги дайрчээ. Уулын гамшгийн хамгийн ноцтой уг ослын дараа аврагчид нуранги болсон газраас дахин найман хүний цогцсыг гаргажээ.
Хятадын хил орчимд орших тус ууланд Балбын ажилчид дараагийн экспедицүүдэд зориулан майхан барьж, олс бэхэлж байсан аж.
Одоогоор аврагчид гамшиг болсон газраас 15 хүний цогцсыг гаргасан гэдгийг Балбын Үндэсний уулын хөтөчдийн холбооны ерөнхийлөгч Тул Сингх Гурунг мэдэгдэв. “Өнөөдөр гаргаж авсан цогцсуудыг нисдэг тэргээр нийслэл Катманду руу хүргэнэ” гэж Гурунг Reuters агентлагт ярьжээ.
Тэрбээр сураггүй байгаа нэг ажилчныг амьд эсвэл нас барсан байдалтайгаар олох боломж бага гээд эрэн хайх, аврах ажиллагааг удахгүй дуусгах төлөвтэйг мэдэгдэв. Цасан нуранги буух үед гадаадын уулчид осол болсон газарт хараахан хүрээгүй байжээ.

Туршлагатай уулын хөтөч нарыг багтаасан 11 аврагчийн бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажиллаж, суурь баазын майхнуудыг дарсан дөрвөн метр гаруй зузаан цасыг ухаж байна.
Ням гарагт хоёр уулын хөтөчийн цогцсыг гаргасан бол даваа гарагт гал тогооны хоёр ажилтны цогцсыг гаргажээ. Үүний дараа мягмар гарагт дахин гурван цогцос олов.
Балбад өнгөрсөн наймдугаар сарын 26-нд уулын мөсөн гол нурснаас үүдсэн сүйрлийн үерийн улмаас 1400 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн сураггүй болсон. Эрх баригчид одоо ч цогцсуудыг эрэн хайсаар байгаа юм. Пүрэв гарагаас эхэлсэн хүчтэй борооны улмаас дахин үер, хөрсний гулгалт үүсэж, үндэсний гамшгийн агентлагийн мэдээлснээр дор хаяж 21 хүн амиа алджээ.
Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь оршдог Балбын эдийн засаг ууланд авиралт болон явган аяллын аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг.
Ням гарагт цасан нуранги болсон Химлун уул нь 7000 метрийн өндөртэй оргилуудад авиралтаа эхлүүлэхийг зорьж буй уулчдын дунд түгээмэл сонголт болдог.